images

Шинэ Зеландын 12 фермер Монголд ирж хонины ноос хяргах сургалт хийв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   Шинэ Зеландын 12 фермер Монголд ирж орчин үеийн арга технологи, техник хэрэгслийг ашиглан хонины ноос хяргах сургалт хийсэн талаар тус улсын RNZ цахим сонин болон “Farmers weekly” сэтгүүл мэдээлэв. Тус сургалтыг хонины ноос хяргах орчин үеийн техник төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэхээр 2020 онд санаачилсан “Share Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хийсэн аж. Улмаар “Rabobank” компанийн олон нийтийн сан, НҮБ, Бээжин дэх Шинэ Зеландын элчин сайдын яамнаас санхүүжүүлэн Шинэ Зеландын фермерүүдийг Монголд авчирчээ. Тэд дөрөв дөрвөөрөө гурван баг болон ажиллаж таван долоо хоногийн турш монгол малчдад туршлагаасаа хуваалцсан байна. Энэ талаар төслийг хэрэгжүүлэгч "Rabobank" компанийн агробизнес менежер Пол Броу “Таван долоо хоногийн хугацаанд бид долоон аймгийн 112 малчинд таван өдөр үргэлжилсэн долоон удаагийн сургалт явуулсан” гэлээ. Мөн “Сургалтад хамрагдсан малчдын дийлэнх нь ноос хяргах машин ашиглаж үзээгүй юм билээ. Тэд өмнө нь хайчаар хонио хяргадаг байсан ч маш хурдан цахилгаан багажийг ашиглаж сурсан. Тэд эхэндээ нэг хонины ноосыг цахилгаан хяргагч машинаар 25 минутын хугацаанд хяргаж байсан бол одоо таван минутын дотор ноосыг нь авч чаддаг болсон” гэжээ. Улмаар сургалт хийсэн долоон аймагтаа тус бүрд нь тав таван ноос хяргагч, тэгшлэгч машин бэлэглэсэн байна. Мөн малчид ноос хяргагч машиныг ихэд сонирхож буй тул тэдэнд илүү ихийг нийлүүлэхийн тулд дахин хөрөнгө босгох шаардлагатай болсон тухай ярив. Өнгөрсөн жил "Share Mongolia" хөтөлбөрөөр Монголын дөрвөн малчин Шинэ Зеландад очиж гурван сарын хугацаанд ноос хяргах сургалтад сууж, даруй чадавхажжээ. Тиймээс энэ удаа Монголд ирж сургалт хийхээр Шинэ Зеландын өнцөг булан бүрээс фермерүүд авчирсан нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.