images

Монгол хүүхдүүд Японы аварга шалгаруулах бейсболын тэмцээнд оролцох урилгаар шагнуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-28


   Японы Токушима мужийн Анан хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд сурагчдын бэйсболын аварга шалгаруулах тэмцээн, 21-22-ны өдрүүдэд нь Японы Васеда их сургуульд хамтарсан нөхөрсөг тоглолт, 24-ний өдөр Японы тийболын албан ёсны тэмцээн болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнүүдэд монгол хүүхдүүд оролцсон бөгөөд тийболын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын хоёр баг өрсөлдөж нэг болон гуравдугаар байранд шалгарчээ. Үүнээс гадна 2024 оноос эхлэн Азийн тийболын холбооноос зохион байгуулах ААШТ-д монголын хоёр багийг оролцуулах, Солонгос, Хятад улсуудын дараа 2027 онд эх орондоо тус тэмцээнийг зохион байгуулах эрхийг авч иржээ. Улмаар манай багачууд Японы аварга шалгаруулах 13-14 насны бейсболын тэмцээнд оролцох урилгаар шагнуулсан байна. Тус улсыг зорьсон хүүхдүүд нь өнгөрсөн сарын 16-наас эхлэн энэ сарын 18-ныг хүртэл нийт 30 удаагийн бэлтгэл сургуулилтад хамрагдсан аж. 

   Англиар “Teeball” хэмээх уг спорт нь 4-6 насны хүүхдүүдэд зориулсан бейсбол болон софтболын хялбаршуулсан багийн төрөл юм. Эцэг эхчүүд тоглолтын үеэр бяцхан тоглогчдыг дасгалжуулж ихэвчлэн шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг байна. Бөмбөгний ерөнхий хэлбэр нь бейсболынхтой төстэй боловч гэмтэл бэртлээс сэргийлэх зорилгоор хөвөн резин голтой зөөлөн материалаар хийдэг ажээ. Сонирхуулахад, 1950-иад оны үед Жером Сачарски зохион бүтээсэн энэхүү спортын төрлийг өдгөө Австралийн бага сургуулиудын 60 хувь нь хичээлийн хөтөлбөртөө тусгаж, жилд дунджаар 17 мянган хүүхдүүд хичээллэдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.