Азийн хөгжлийн банк монгол төгрөгөөр эрүүл мэндийн бонд гаргав
Чихэнд чимэгтэй
2023-07-25
Азийн хөгжлийн банк манай улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр эрүүл мэндийн бонд гаргаж, 35 тэрбум төгрөг буюу 10.2 сая ам.доллар босгожээ. Уг бонд нь хоёр жилийн хугацаатай бөгөөд хагас жилийн 11.25 хувийн хүүтэй ажээ. Бондын нэрлэсэн үнэ төгрөгөөр илэрхийлэгдэж, ам.доллароор арилжаалагдах юм. Бондын андеррайтерээр Нидерландын ING банк ажилласан байна. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь "Интернэшнл Медикал Центр" компанийн "Интермед" эмнэлгийг өргөтгөх төслийг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
"Интермед" эмнэлгийн удирдлагууд энэ сарын 6-ны өдөр Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр орон нутагт үе шаттайгаар салбараа нээх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан юм. Улмаар ирэх он гэхэд өөрийн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөө хэлжээ. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр олон улсын жишигт хүрсэн хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх, дурангийн оношлогоо, зүрх судасны, хавдрын эмчилгээний, нөхөн сэргээх эмчилгээний төвүүд иргэдэд нээлттэй болно. АХБ-ны Санхүүгийн албаны дарга Пьер Ван Петегем “Монгол төгрөгөөр хөрөнгө босгож буй нь гадаад валютын эрсдлийг бууруулах бодит боломжийг зээлдэгчид олгож буйгаараа чухал юм. Энэхүү бонд нь Монгол улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх АХБ-ны амлалтын үргэлжлэл" хэмээн мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.