38 сая дагагчтай контент бүтээгч "Nasdaily" багийнхан Монголд ирнэ
Чихэнд чимэгтэй
2023-07-24
Дэлхийн алдартай контент бүтээгч "Nasdaily" багийнхан Монголд ирнэ гэдгээ өөрсдийн албан ёсны Инстаграм хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгдлээ. Тус мэдэгдэлд “Би коллежид байхаасаа л Монголд очихыг мөрөөддөг байсан. 10 жилийн дараа Монголд очиж орон нутгийн 1000 хүнтэй уулзах гэж байна. 10 жилийн дотор маш их зүйл өөрчлөгджээ. Мөн амьдралыг урьдчилан таамаглах боломжгүй юм” хэмээн хуваалцсан байна. Тэд Турк, Энэтхэг, Америк зэрэг орны контент бүтээгчдийн хамтаар Монголд ирж ирэх сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд контент болон кино бүтээх, хиймэл оюун ухаан, энтрепренер сэтгэлгээ болон бусад сэдвүүдээр илтгэл тавьж, уулзалт зохион байгуулах ажээ. Уг арга хэмжээг “Follow the track” аялал жуулчлалын товчоо, Арабын нэгдсэн Эмират улсын “DP world” логистикийн компани, “Solana” блокчейн платформ, Монголын талаас Соёлын яам дэмжин хамтран ажиллах юм. "Nasdaily"-гийн хувьд нэг минутад багтаан аливаа юмс, дэлхийн улс орон, хотуудын талаар англи хэлээр ярьж, танин мэдэхүйн мэдээлэл өгдгөөрөө алдартай бөгөөд Инстаграмдаа 4.4 сая, Фэйсбүүктээ 21 сая, Youtube хуудсандаа 12.2 сая дагагчтай юм. Мөн англи хэлээр ярьдаггүй үзэгчдэдээ зориулан бичлэгтээ урду, турк, тайланд, индонез, япон, хинди, хятад, араб зэрэг хэлээр хадмал орчуулга хийдэг ажээ. "Nasdaily"-г үндэслэгч 31 настай Нусейр Ясин нь өөрийн найз бүсгүй буюу аяллын блоггер Алин Тамир, видео контент бүтээгч Алан Вурман, контент бүтээгч, хөгжимчин Агон Харе нартай хамтарч ажилладаг байна.
Н.Ясин нь 19 настайдаа АНУ-ын Харвардын их сургуульд сансар судлалын инженер мэргэжлээр тэтгэлэгтэй суралцаж төгсжээ. Улмаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад 2016 онд ажлаасаа гарч, дэлхийг судлахаар шийдэн өөрийн аялал, туршлагыг дүрс бичлэгээр баримтжуулдаг болсон байна. Үүний үр дүнд “Nas Daily” нэртэй Фэйсбүүк хуудас үүсгэж, 1000 хоногийн турш өдөр бүр нэг минутын видео хийж нийтэлдэг болжээ. Тэрбээр 2018 оны эхээр "Facebook"-ийг үндэслэгч Марк Зукербергтэй уулзсаны дараа "Nas Daily"-гийн статусыг өөрчилснөөр 2018 оны есдүгээр сард түүний хуудас найман сая гаруй дагагчтай болсон байна. Мөн оны 11 дүгээр сар гэхэд энэ тоо 10 сая болж өсчээ. Тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын 5-нд "Дэлхийг тойрсон 60 секунд: The Nas Daily Journey" хэмээх дурсамж номоо гаргаж байсан бол 2020 онд видео контент бүтээгчдийн “Nas academy” болон “Nas Studios”-ийг байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.