images

Монгол, америк, испани эрдэмтдийн хамтарсан судалгаа “Nature” сэтгүүлд хэвлэгдлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-07-21


    Шинжлэх ухааны өгүүлэл хэвлэдэг дэлхийн шилдэг сэтгүүл “Nature”-д МУИС-ийн Ойн экосистемийн мониторингийн лабораторийн судлаач С.Бямбагэрэл, О.Лхагважаргал, Колумбиагийн их сургуулийн судлаач Н.Баатарбилэг, Йелийн их сургуулийн судлаач Б.Жаргалан тэргүүтэй монгол эрдэмтдийн Америк Испанийн судлаачидтай хамтарч хийсэн судалгааны үр дүн энэ сарын 10-нд нийтлэгдлээ. Английн Лондон хотноо 1869 оноос эхлэн долоо хоног тутам хэвлэгдэж буй тус сэтгүүлийн “Communications Earth & Environment” буланд манай судлаачид “Approaching a thermal tipping point in the Eurasian boreal forest at its southern margin” өгүүллээ хэвлүүлсэн аж. Тус судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зуны улиралд хэт халж байгаа нь модлог ургамал фотосинтез явуулахад яаж нөлөөлж байгааг судалжээ. Ингэхдээ монгол орны ойн сангийн гол цөмийг бүрдүүлдэг сибирь шинэс болон хавтаг навчит хус, одой хайлаас, улиангар, бургас гэсэн таван зүйлийн модон дээр туршилт хийсэн байна. Улмаар 2100 он гэхэд дэлхийн дундаж температур цельсийн 2.6, 4.5, 7, 8.5 хэмээр өснө гэсэн дөрвөн таамаглалд үндэслэж дээрх моднуудын фотосинтезийн эрчим яаж өөрчлөгдөж байгааг цахилгаан дамжуулах хурдаар нь хэмжжээ. Үр дүнд нь хэт халснаар ургамлын хлорофиллийн мөхлөг гэмтэж аажмаар үхэж байгааг тогтоосон гэнэ. Түүнчлэн дэлхийн дулаарлын нөлөөгөөр сэрүүн бүсийн ой тэлнэ гэсэн таамаглал буруу болохыг батлав. Өөрөөр хэлбэл, сэрүүн бүсийн шилмүүст ойн модод хэт халалтыг тэсвэрлэх чадвар их биш ажээ. Тиймээс Монголын ойн сангийн 80 хувийг бүрдүүлдэг шинэс модны тархац хэт халалтын улмаас багасах, энэ зууны турш хэт халалтын эрчим манай оронд дэлхийн дунджаас гурав дахин хурдан байх магадлалтай гэж дүгнэжээ. Судлаачид 2022 оны есдүгээр сард тус өгүүллээ “Nature” сэтгүүлд хэвлүүлэхээр илгээснээс хойш 10 сарын дараа ийнхүү хэвлэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.