images

Өмнөд Солонгост төрсөн анхны хулсны баавгай гурван нас хүрлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-21


   Өмнөд Солонгосын “Everland” ресортод 2016 онд Хятадаас 15 жилийн зээлээр авсан Ай Бао, Ли Бао нэрт эр, эм баавгай амьдардаг. Тэр хоёр баавгай 2020 оны долоодугаар сарын 19-нд анхны бамбаруушаа төрүүлсэн нь Өмнөд Солонгост төрсөн анхны хулсны баавгай болсон юм. Ингээд эм бамбаруушид хятадаар аз жаргал авчрагч эрдэнэс гэсэн утгатай Фү Бао нэр өгчээ. Фү Бао баавгайн гурван насны төрсөн өдрийг өнгөрөгч лхагва гарагт тэмдэглэж өгсөн бөгөөд энэ нь түүний Солонгост тэмдэглэж буй сүүлийн төрсөн өдөр болж байна. Учир нь, Хулсны баавгайн үржүүлэг, судалгааны хөтөлбөрийн дагуу 2024 оны долоодугаар сар болохоос өмнө Фү Баог нутаг буцаах төлөвлөгөөтэй аж. Мөн Фү Баогийн ээж баавгай энэ сарын 7-нд ихэр бамбарууш төрүүлсэн юм.

   Өмнөд хөрш олон улсад "Panda Diplomacy" гэдэг ойлголтыг бий болгоод буй. Тус улс 1957-1982 оны хооронд 23 улсад хулсны баавгай бэлэглэсэн түүхтэй. Гэвч бэлгэнд өгсөн хулсны баавгайнууд өвчнөөр үхэх болсон тул тоо толгой нь ховордож буй тус амьтныг 1984 оноос эхлэн гадаадын амьтны хүрээлэнд 10-20 жилийн хугацаагаар зөвхөн зээлээр өгдөг болжээ. Улмаар гэрээний хугацаа дуусахад баавгайг буцааж авахаас гадна тухайн оронд төрүүлсэн бүх бамбарууш нь Хятадын өмч болдог. Мөн зээлж авсан амьтны хүрээлэн нь үржүүлэг, судалгааны зорилгоор хулсны баавгайг тэжээж байгаагийнхаа төлөө жил бүр Хятадад 500 мянгаас нэг сая долларын түрээсийн төлбөр төлдөг байна. Түүнчлэн зээлээр очсон хулсны баавгайн төрүүлсэн бамбарууш бүрийн тоогоор 200 мянган долларын татвар төлдөг ажээ. Хэрэв хулсны баавгай очсон амьтны хүрээлэндээ үхвэл 500 мянган долларын торгууль төлдөг. Одоогийн байдлаар дэлхийн 18 орны амьтны хүрээлэнд 64 хулсны баавгай амьдарч байна. Хятадаас хамгийн олон буюу нийт есөн хулсны баавгай зээлээр авсан орон бол Япон.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.