images

Хэнри Киссинжер Ши Жиньпинтэй уулзлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-21


   АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө 100 настай Хэнри Киссинжер өчигдөр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа. Тэрбээр өнгөрөгч мягмар гарагт тус улсын Батлан хамгаалахын сайд Ли Шанфутай уулзсан юм. Түүнийг АНУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жон Кэрригийн Хятад дахь албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гэж үзэж байсан ч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер түүнийг Засгийн газрыг төлөөлөөгүй болохыг мэдэгдэв. Улмаар "Би түүнийг АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс биш өөрийн хүсэлтээр тэнд байсан гэдгийг хэлье. Түүний аяллын талаар нэмэлт мэдээлэл байхгүй" гэжээ. Хэдий тийм ч Ши Жиньпин Х.Киссинжерийг төрийн айлчлал хийж буй зочид хүлээж авдаг Дяоютай өргөөнд хүлээн авч уулзсан байна. Гэвч тэд уулзалтын үеэр ямар асуудлыг хэлэлцсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бөгөөд Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар Ши Жиньпин "Х.Киссинжер саяхан 100 нас хүрсэн. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад 100 гаруй удаа айлчилжээ. Энэ хоёр 100-гийн тоо уг айлчлалд чухал ач холбогдолтой" гэсэн байна. Мөн тэрбээр түүний 1971 онд Мао Зэдуныг байхад хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлоод "Хятадын ард түмэн хоёр улсын харилцааг ахиулах, ард түмэн хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан эртний нөхрөө хэзээ ч мартахгүй" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.