images

“Nissan Motor” компани “Tesla”-гийн цахилгаан автомашин цэнэглэх стандартыг нэвтрүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-20


   Японы “Nissan Motor” компани Хойд Америкийн цэнэглэх стандарт (NACS) буюу “Tesla” компанийн боловсруулсан цахилгаан автомашин цэнэглэх стандартыг ашиглах эрхийг авлаа. Ингэснээр тус стандартыг нэвтрүүлж буй Японы анхны автомашин үйлдвэрлэгч болов. Учир нь, тус компани 2025 он гэхэд АНУ-ын цахилгаан автомашины зах зээлийн 40 хувийг эзлэх зорилготой учраас тэнд өргөн дэлгэрсэн "Tesla" цахилгаан автомашин цэнэглэх сүлжээнд нэгдэх бэлтгэлээ базааж буй нь энэ юм. Нөгөө талаас автомашин үйлдвэрлэгч олон компани NACS-ийг мөрдөх болсноор энэ стандартыг дэлхий даяар мөрддөг болох магадлал нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сарын сүүлчээр АНУ-ын “Ford”, “GM”, Германы “Mercedes-Benz”, Шведийн “Volvo Car” корпораци NACS стандартыг мөрдөх болсноо зарласан юм. Улмаар “Nissan” компани Хойд Америкт худалдаалж буй “Ariya EV” загварын цахилгаан автомашиныхаа цэнэглэх оролтыг 2024 онд NACS-ын адаптераар солихоор болов. Одоогоор тус загварын автомашин нь хосолсон цэнэглэх систем буюу CCS цэнэглэгчтэй юм. Хойд Америкт цахилгаан автомашин цэнэглэх NACS, CCS болон Японд боловсруулсан CHAdeMO стандарт үйлчилдэг. Гэхдээ нийт цахилгаан автомашин цэнэглэх газруудын 60 хувь нь NACS стандарттай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.