Монгол, Францын хамтарсан Чингис хааны тухай үзэсгэлэн дэлхий тойрон аялна
Чихэнд чимэгтэй
2023-07-11
Монгол улсын Соёлын яам, Францын Нант хотын Түүхийн музей хамтран “Чингис хаан: Монголчууд дэлхийг яаж өөрчилсөн бэ” явуулын үзэсгэлэнг удахгүй нээнэ. Энэ үзэсгэлэнг Их Британийн Эдинбург хотын “Nomad Exhibitions” компани дэглэжээ. Тус компани нь дэлхийн өнцөг булан бүр дэх музей, галерей, соёл урлагийн газруудад зориулсан түр, байнгын, явуулын үзэсгэлэнг зохиомжлон дэглэдэг, зөвлөгөө өгдөг, тогтвортой явуулын үзэсгэлэн буюу байгальд ээлтэй аргаар үзэсгэлэнг дэлхийн олон орноор аялуулдаг мэргэжлийн байгууллага юм. Тэгвэл энэ үзэсгэлэн 2023 оны аравдугаар сард Нант хотын Түүхийн музейд нээлтээ хийх бөгөөд Францад гарах Чингис хааны тухай анхны үзэсгэлэн болох билээ. Үзэсгэлэнд Монголын “Чингис хаан” болон бусад музейгээс зээлсэн МЭ I-XIV зууны үеийн ховор, үнэт олдвор, Франц, Европын томоохон музейн үзмэрүүдийг тавина. Улмаар “Чингис хаан: Монголчууд дэлхийн яаж өөрчилсөн бэ” үзэсгэлэн 2025 онд дэлхийг тойрсон аялалд гарах бөгөөд үзэсгэлэнгийн зохиомж тун өвөрмөц болсон аж.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон манай улсад өнгөрөгч тавдугаар сард айлчлах үеэр хоёр тал уг үзэсгэлэнг хамтран гаргах гэж буйдаа баяртай байгаа талаар ярилцсан юм. Ингээд Э.Макронд “Чингис хаан” музейг үзүүлсэн бөгөөд тавдугаар сарын 21-нд гаргасан хоёр улсын хамтарсан мэдэгдэлд соёл, археологийн чиглэлд хамтран ажиллах тухай тусгасан билээ. Үүнд хоёр улсын ерөнхийлөгчийн ивээл дор Нантын музейд нээлтээ хийх “Чингис хаан: Монголчууд дэлхийг яаж өөрчилсөн бэ” үзэсгэлэнг Монгол улс дэмжинэ гэжээ. Энэ тухай “Nomad Exhibitions” компанийн захирал Тим Пэтик “Монгол улс тус үзэсгэлэнг дэлхийн бусад оронд гаргахад туслалцаа үзүүлэхээр болсон. Чингис хаан, Монголын эзэнт гүрний ер бусын түүхийг харуулсан шинэлэг, өвөрмөц үзэсгэлэнг амилуулах нь манай хамт олны арваад жилийн хүсэл мөрөөдөл байлаа. Тиймээс энэ гайхалтай үзэсгэлэнг гаргахаар Монголын Үндэсний музей, Нантын музейтэй хамтран ажиллаж буйдаа баяртай байна” хэмээн ярьжээ. “Nomad Exhibitions” музей тус үзэсгэлэнгийн тайлбарт “Чингис хаан, түүний монгол цэргүүд Монголын тал нутгаас Хятадын хамгийн өмнөд хязгаар, Номхон далайгаас Ойрхи Дорнодын хязгаар хүрч дэлхийг өөрчилсөн агуу том эзэнт гүрнийг байгуулсан” хэмээн бичжээ. Мөн “Монголчууд дэлхийн талыг удирдаж байсан оргил цаг үед Чингис хааны ач Хубилай Юань гүрний Дайду хотыг байгуулснаар Хятадын эзэн хаан болсон” гэсэн байна. Ингээд олон жилийн ширүүн байлдан дагуулалтын дараа Pax Mongolica буюу Монголын энх амгалан нь Өрнө, Дорнын худалдаа, шинжлэх ухаан, урлагийн харилцааг цэцэглэн хөгжүүлэх боломжийг нээж, соёлын солилцооны хосгүй үеийг бүтээсэн гээд “Монголын үндэсний сан хөмрөгөөс цуглуулсан I-XIV зууны үеийн эд өлгийн зүйлс бүхий ховор үзмэртэй энэ үзэсгэлэн нь агуу эзэнт гүрний түүхийг танин мэдэх хосгүй боломжийг олгож байна” хэмээн тайлбарлажээ.
"Nomad Exhibitions" компанийн хамгийн сүүлд дэглэсэн үзэсгэлэнгүүд.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.