Наадмын өдрүүдэд музей, галерей, соёлын төв, кино, драмын театрууд ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-07-07
Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын өдрүүдээр Улаанбаатар хот дахь музей, галерей, кино театр, соёл урлагийн газрууд хэвийн ажиллаж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тусгай үзэсгэлэн дэлгэж, боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тухайлбал, Чингис хааны музейд долдугаар сарын 11-15-нд “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн, Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэн, долдугаар сарын 9-13 хүртэл “Чингис хааны өв” үзэсгэлэн гарах ажээ. Мөн Монголын үндэсний музейд ”Өглөөний музей”, “Үдшийн музей", "Монгол наадам”, “Монгол бөх” тусгай үзэсгэлэн, “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” музейн боловсролын хөтөлбөр хийнэ. Харин Байгалийн түүхийн музейд “Монголын үндэстний байгалийн бахархалт өв” түр үзэсгэлэн, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей зураач Б.Шаравын “Үрс гарч байгаа нь” үзэсгэлэнг толилуулах юм. Түүнчлэн Чойжин ламын сүм музейд хосгүй үнэт бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх бол Улаанбаатар хотын музейд Ардын хувьсгалын, Богд хааны музейд “Цэнгэлийн манлай” сэдэвчилсэн үзэсгэлэн гарна.
Мөн Монголын урчуудын эвлэлийн арт галерейд долдугаар сарын 10-24-ний хооронд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэнг дэлгэхээр болжээ. Түүнчлэн Монголын уран зургийн галерейд наадмын амралтын өдрүүдэд “Монголын аж байдал”, “Модернизм Монголын дүрслэх урлагт” үзэсгэлэнг үзүүлнэ. Харин Соёлын төв өргөөнд наадмын хүндэтгэлийн тоглолт, “Харанга” хамтлагийн тоглолтууд болох бол уламжлал ёсоор Үндэсний урлагийн их театрт “Ардын дуу мину”, “Наадмын үдэш” тоглолтууд болно. Мөн УДБЭТ “Монголын сайхан орон”, “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт хийж, УДЭТ долдугаар сарын 9-нд “Тамгагүй төр” жүжгийг "The Mongol Khan" нэрээр тоглож, бүх кино театрууд хэвийн ажиллах юм. Үүнээс гадна Төв аймгийн Аргалант сум буюу Хустайн нурууны тэндэх “Сэртэн морьтон” цогцолборт долдугаар сарын 9-13-нд “Чэрү Андури” морьтон циркийн жүжигчилсэн тоглолт зохион байгуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.