Өнөөдөр эхэлсэн урианхай сурын харваанд 400 харваач оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-07-07
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна. “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор болж буй энэ жилийн наадам өчигдөр шагайн харвааны тэмцээнээр эхлэв. Тус тэмцээн өсвөрийн, ахмадын гэсэн насны ангиллаар болж буй бөгөөд Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгаас ирсэн өсвөрийн 10, ахмадын 21 баг өрсөлдөж байна. Мөн өнөөдөр сурын талбайд урианхай сурын харваа эхлэв. Тус тэмцээнд Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Дорнод, Булган, Хэнтий, Төв, Дорноговь аймгийн 400 харваач онч мэргэнээ сорьж байна. Харин маргааш буриад сурын харваа эхэлж, ням гарагт хүүхдийн харваа болно. Ням гарагийн 11 цагт төв талбайд “Дээлтэй монгол” үндэсний хувцасны наадам болох юм. Ингээд долдугаар сарын 10-нд Хүй долоон худагт 07 цагт хязаалан, 12 цагт шүдлэн морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн өдрийн 19 цагт Д.Сүхбаатарын талбайд төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол болно. Үргэлжлүүлээд 21 цагаас төрийн хүндэтгэлийн тоглолт болох юм. Ингээд долдугаар сарын 11-ний 7 цагт Хүй долоон худагт азарганы уралдаан эхлэх бөгөөд 09:30 цагт Монгол улсын төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол эхэлнэ. Үүний дараа 11:10 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмыг нээж үг хэлнэ. Ингээд наадмын концерт болохтой зэрэгцэн хурдан морины уралдаан их насны хурдаар үргэлжилж, 13 цагаас хүчит бөхийн барилдаан эхлэх юм. Мөн 14 цагт үндэсний сурын харваа эхэлнэ. Долдугаар сарын 12-ны 7 цагт Соёолонгийн уралдаан, 12 цагт дааганы уралдаан эхэлж орой нь эрийн гурван наадам, шагайн харвааны аваргуудад цол хүртээх ёслол болох юм. Улмаар баяр наадмын хаалт 21:50 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Мөн ирэх пүрэв гарагт Хүй долоон худагт сонгомол дээд, доод насны болон жороо морьдын уралдаан, залгуулаад уяачдын наадам болох юм.
Гэрэл зургийг МОНЦАМЭ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.