images

"Манчестер”-ийн тоглолтыг үзэхээр Англи руу дугуйтай явж буй монгол залууг Хонконгийн сонин онцлов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-07-05


   Монгол залуу "Манчестер Юнайтед" багийн тоглолтыг үзэхээр төрөлх хотоосоо Олд Траффорд руу дугуйгаар аялж буйг Хонконгийн “South China Morning Post” сонин энэ мягмар гарагт онцолжээ. Батболдын Очирваань хэмээх энэ залуу арван хэдэн наснаасаа үзэж өссөн "Манчестер” багийн тоглолтыг анх удаагаа дэргэдээс нь үзэхээр энэ урт аялалд зориглон мордсон юм. Энэ талаарх мэдээ удалгүй “Манчестер” багийнханд хүрч, албан ёсны сайтад нь өнгөрсөн сарын 28-нд "Монгол залуу улаануудтай уулзахаар дугуйгаар ирж явна" гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн байна. Харин тэрнээс өмнө 15-ны өдөр олон улсын фэнүүдийн нэгдсэн вэбсайтад гарч байсан юм. Тэрбээр өнгөрсөн сарын 5-нд гэрээсээ гарч, сар гаруйн хугацаанд дугуйгаар 3000 км замыг туулсан байна. Одоо тэрбээр Хятадад байгаа бөгөөд түүний дараагийн маршрут нь Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк, Болгар, Хойд Македон, Косово, Серби, Унгар, Австри, Герман, Франц, Англи ажээ. Б.Очироо Фэйсбүүк хуудсандаа "Бүх зүйл төсөөлөл, мөрөөдлөөс эхэлсэн бол одоо нэг ч өдөр итгэл найдвараа алдалгүй зорьсон газраа хүрэхийг хичээж байна. "Манчестер Юнайтед" клубтэй холбогдсон маань миний амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг боллоо. Үүний хажуугаар энэ аяллаараа дамжуулан эх орноо Европт сурталчилж байгаа болов уу гэж бодож байна" гэж бичжээ. Тэрбээр нийтдээ 12800 км урт замыг туулах бөгөөд ирэх 12 дугаар сард зорьсон газартаа очно хэмээн төлөвлөжээ. Өдгөө 25 настай түүний хувьд "Манчестер Юнайтед" багт тоглож байсан Үэйн Рүүнийг шүтэн биширдэг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.