Рианна, Селин Дион нарын дууг бичсэн америк дуучин “Хү” хамтлагтай хамтарчээ
Чихэнд чимэгтэй
2023-07-03
"Хү" хамтлаг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиосон Эх дэлхийн өдрөөр "Mother Nature" сингл дуугаа цацаж, Монголын зүүн өмнөд говьд 12 мянган ширхэг сибирийн хайлаас мод тарихаа зарласан билээ. Тэгвэл тус хамтлаг 2022 оны "Rumble of Thunder" цомгийнхоо люкс хувилбарыг өнгөрсөн долоо хоногт “Better Noise Music” сувгаараа дамжуулан цацжээ. Тус цомогт долоон шинэ дуу багтсаны дөрөв нь өнгөрсөн хугацаанд олон нийтэд аль хэдийнэ хүрээд байсан "Бий биелгээ", "Байгаль эх” дууны хоёр акустик хувилбар, зочин уран бүтээлчдийн оролцсон "Энэ бол Монгол” болон "Хар аянга” зэрэг дуунууд байна. “Хү” хамтлаг "Rumble Of Thunder" люкс цомгийн нээлтийг тэмдэглэхдээ дуучин, ая зохиогч LP (Лаура Перголиззи)-ийн оролцсон "Байгалийн эх" дууны шинэчилсэн хувилбарт зориулан клип хийснээ хуваалцсан юм. Дуучин LP "Хү” хамтлагийн цомгийн тухай “Энэ сайхан дуунд нэгдэж, эх дэлхийдээ хүндэтгэл үзүүлэхэд зарим үг, дуу оруулсандаа үнэхээр нэр төрийн хэрэг байлаа" гэж ярьжээ. Итали гаралтай LP нь Рианна, Селин Дион, "Backstreet Boys" нарын олон алдартны дууг бичсэн юм. Харин хамтлагийнхан хэвлэлд ярихдаа "Дэлхий дээрх амьтай бүхэн эхтэй бөгөөд нэг ёсондоо дэлхий бидний өөр нэг ээж юм. Тиймээс "Байгаль эх" дуу маань ээжтэйгээ харилцах харилцаа болон хүн ба дэлхий хоорондын ижил төстэй байдлыг өгүүлдэг. Монгол хүн ээжийгээ ихээхэн хүндлэн дээдэлдэг бөгөөд хайр нь хязгааргүй байдаг тул нас барсан ч сэтгэл зүрхээрээ үргэлж үр хүүхдээ хамгаалж, тэтгэж байдаг гэдэгт итгэдэг. Тиймээс бидний өөр нэг эх болсон байгаль дэлхийг хайрлан хамгаалах нь зүйн хэрэг” хэмээн ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.