Л.Оюун-Эрдэнэ дэлхийн дөрөв дэх том компанийн ТУЗ-ийн даргатай уулзжээ
Чихэнд чимэгтэй
2023-06-30
Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хятадын эрчим хүч, газрын тосны томоохон корпорациудын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Мөн тэрбээр "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумд оролцож тус улсын эрчим хүч, шинжлэх ухаан, технологи, дэд бүтэц, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг урьсан талаар "Global Times" сонин мэдээлэв. Ерөнхий сайд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар хоёр улсын Засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Улмаар Ерөнхий сайд Хятадын Эрчим хүчний барилгын корпорацын ТУЗ-ийн дарга Дин Яньжянтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн цахилгаан эрчим хүчний төслүүд хамтран хэрэгжүүлэх, тус улсын технологи, инновацыг нэвтрүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцов. Тус байгууллага нь дэлхийн 130 гаруй улстай хамтран ажилладаг бөгөөд 2022 онд “Fortune Global” үнэлгээгээр дэлхийн шилдэг 500 ААН-ээс 100 дугаарт жагсаж, 10 жил дараалан топ ангилалд багтжээ.
Мөн газрын тосны CNPC корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж, газрын тосны салбарын олборлолт, ашиглалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, цаашид дизель болон евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээл, хэрэглэгчдэд нийлүүлэх, ОХУ-аас Монгол улсын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хийн хоолой дамжуулах төслийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Тус корпорац нь дэлхийн газрын тосны гурав дахь том компани бөгөөд 2020 оны “Fortune” дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтаар дөрөвдүгээр байрт оржээ. Мөн 55 оронд 1.3 сая ажилтантай аж. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Хойд үйлдвэрлэлийн компанийн Ян Шяочинтай уулзаж Монголд хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн газрын тосны дамжуулах хоолойн төслийн талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.