CNN Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Улаанбаатар, Хэнтий, Лондоноор явж сурвалжлав
Чихэнд чимэгтэй
2023-06-30
Америкийн CNN телевизийн сурвалжлах баг Улаанбаатар хот, Хэнтий аймаг, Лондон хотоор явж Монголын ноолууран бүтээгдэхүүнийг сурвалжилжээ. Тэд эхлээд Лондонд үйл ажиллагаагаа эрхэлдэг “Мандхай кашмер” компанийн эзэн, дизайнер Ж.Мандхайтай ярилцжээ. Тэрбээр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы охин бөгөөд түүний урласан ноолууран хувцсыг алдартай загвар өмсөгч, эгч дүүс Жижи Хадид, Бэлла Хадид болон Жастин Биберийн эхнэр Хэйли Бибер нар өмсдөг. Харин Ж.Мандхай хувцсыг нь алдартнууд өмсдөг тухайд бус хувцас урлах урам зориг өгдөг, ноолуур нийлүүлэгч малчдаа онцлон ярихыг хүссэн гэнэ. CNN цөөн хүн амтай манай улсын нэг хүнд 20 мал ноогддогийг дурдаад зөөлөн, нарийн ширхэгтэй ноолуурыг тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гэжээ. Ингээд Лондонгоос Улаанбаатарт ирж малчин З.Баярдүүрэнтэй уулзсан байна. Тэрбээр 500 ямаатай, ноолуур нийлүүлэгч ажээ. Мөн Монголд ирсэн сурвалжлах багийнхан дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүртэй "Gobi Cashmere" компанид зочилсоноо тодотгосон юм. Улмаар олон жилийн турш дотооддоо ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тус брэнд нь хүртээмжтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулдаг гэжээ. Гэвч бүтээгдэхүүний чанар нэмэгдэхтэй зэрэгцэн зардлаа бууруулах нь төвөгтэй байдаг тул тус брэнд ноолуур нийлүүлэгчдээ сайжруулах, түгээлтийн зардлаа бууруулахад анхаарч буйг бичсэн байна. Сурвалжлах баг улмаар Лондонд очиж монгол ноолууран хувцсыг дэлхийд алдаршуулж буй дизайнер Ц.Оюунаатай уулзжээ. Тэрбээр бүтээгдэхүүнээ Лондоны “Harrods”, Хонконгийн “Lane Crawford” зэрэг том их дэлгүүрүүдэд худалдаалдаг, олон улсын зах зээлд байр сууриа хэдийнэ олсон нэгэн юм. Тэрбээр хэрэглэгчдээ Монголтой холбох, нутагтаа очиж малчидтай уулзах ажлыг байнга хийдэг. Эцэст нь CNN Хэнтийн уулсад хүрч, хэдэн үеэрээ мал малласан С.Ганболдтой уулзжээ. Тэрбээр хэд хэдэн компанид сарлагийн хөөвөр нийлүүлдэг байна. Тэдний дундаас "Bodios” брэндийг CNN онцолж, ноолууран хувцасны салбарт сарлагийн хөөврийг оруулан ирж зах зээлд байр сууриа эзэлснийг бичжээ. Мөн хөөвөр нь ноолуураас илүү ховор, дулаахан болохыг дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.