images

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өдөр өдрөөр нь тусад нь худалдаална

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-29


     Нийслэлийн аялал жуулчлалын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарын талаар мэдээлэл өгөв. Энэ жил “Shoppy”, “Монгол шуудан” компаниуд тасалбар борлуулалтыг хариуцаж байгаа бөгөөд enaadam.mn хаягаар захиалга авах ажээ. Тасалбарыг долоодугаар сарын 1-5-ны хооронд цахимаар худалдаалах бөгөөд долдугаар сарын 1-ний 11 цагт захиалга нээгдэнэ. Улмаар наадмын нээлтийн хоёр өдрийн тасалбарыг багцаар нь бус долоодугаар сарын 11, 12-ны өдөр гэж тусад нь худалдаалахаар болжээ. Ингэснээр 10 мянга гаруй хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх боломжийг илүү олон хүнд олгох юм байна. Нөгөө талаас долдугаар сарын 12-нд үндэсний бөхийн барилдааны сүүлийн давааг үзэх сонирхолтой хүмүүс зөвхөн тухайн өдрийнхөө тасалбарыг авах уян хатан нөхцлийг бүрдүүлжээ. Мөн нэг хүн нэг өдрийн хоёр тасалбар захиалах боломжтой бөгөөд сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52500, сүүдрэвчгүй нь 42500 төгрөг байна. Мөн иргэдийг цахимаар тасалбар захиалахдаа урьдаар enaadam.mn хаягаар орж хэрэглэгчийн бүртгэлээ хийлгэсэн байвал захиалга нээгдэхэд хялбар байхыг анхаарууллаа. Энэ нь гар утасны дугаар, хувийн болон хаягийн мэдээллээ системд оруулсан байхыг хэлж буй. Учир нь, нэг дор 100 мянга гаруй хэрэглэгч тасалбар захиалгын платформд нэвтэрэхэд сүлжээнд ачаалал үүсдэг тул бүртгэлтэй хаягаараа шууд нэвтрээд захиалга хийх нь наадмын тасалбарыг илүү хурдан худалдаж авах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн өнгөрсөн жил тасалбарын төлбөрийг 10 минутад хийх байсан бол энэ жил нэг цаг болгож сунгасан байна. Ингээд захиалсан тасалбарыг “Монгол шуудан” компани долдугаар сарын 1-10-ны хооронд иргэдийн гэрт хүргэх юм. Мөн иргэд өөрт ойрхон “Монгол шуудан”-гийн салбарт очиж захиалсан тасалбараа авах боломжтой.

      Харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг гэсэн хоёр байршилд автомашины зогсоолын тасалбар 21 мянган төгрөгөөр худалдаална. Автомашины зогсоолын тасалбарыг мөн цахимаар захиалах ба нэг хүн тав хүртэлх зогсоол авах боломжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.