images

Монголын сэтгүүлчид 5000 километрийн алсаас мэс засал хийдэг алсын удирдлагатай роботыг бишрэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-28


     Монголын сэтгүүлчдийн холбоо, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Meeting China, Meeting the New Era” сэдэвт уулзалт зохион байгуулж байна. Уг уулзалтад хоёр улсын төрийн болон хувийн 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сэтгүүлч оролцож буй. Тэд өнгөрөгч ням гарагт Хөх хотоос уулзалтаа эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийн турш Зүүн Хятадын Шанхай, Сүжөү, Нантон, Чидон, Нанжин хотуудаар явж шинжлэх ухаан, техник технологийн дэвшил, хотын соёлтой танилцах юм. Сэтгүүлчид даваа гарагт Шанхай хотоор аялж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын робот төхөөрөмжүүдтэй танилцжээ. Энэ талаар Хятадын англи хэл дээр хэвлэгддэг хамгийн том сонин “Global Times” “Монгол сэтгүүлчид Шанхайд эмнэлгийн дэвшилтэт роботуудыг ихэд сонирхов” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн байна. Учир нь, хоёр улсын сэтгүүлчид даваа гарагт “MicroPort Scientific Corporation” компанийн эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй танилцаж сэтгэл нь ихэд хөдөлжээ. Тэдний танилцсан тоног төхөөрөмжүүд дундаас 5G сүлжээний холболттой, хэдэн мянган километрийн алсаас эмч өвчтөнд дурангийн мэс засал хийх боломжтой алсын удирдлагатай дурангийн мэс заслын робот сонирхлыг нь ихээхэн татсан гэнэ. Учир нь, "Toumai” нэрт тус роботоор саяхан Зүүн Хятадын Жөжян мужийн Ханжөү хотоос Умард Хятадын Шинжаанд байгаа өвчтөнд 5000 километрийн алсаас мэс засал хийжээ. Энэ нь тус улсын анхны хамгийн хол зайнаас хийсэн дотор эрхтэний мэс засал болсон байна.

     Сэтгүүлчдийг эмнэлгийн тоног төхөөрөмжтэй танилцах үеэр тус компанийн төлөөлөгч “Хятадын мэс заслын роботыг нэг өдөр Монголын эрүүл мэндийн салбарт хэрэглэнэ байх” гэхэд манай сэтгүүлчид алга ташжээ. Мөн монгол сэтгүүлчид роботын үнэ, хийсэн хагалгааны тоо, Монголын эмнэлгүүд робот худалдаж авахыг хүсвэл хэр удаан хүлээх шаардлагатайг сонирхож, энэ роботын талаар уншигч, үзэгчдэд хүргэхээр шамдсан байна. Тус робот нь 20 сая юань буюу 2.77 сая доллараас багагүй үнэтэй бөгөөд 2022 оны нэгдүгээр сард худалдаанд гарснаасаа хойш Хятадын 17 мужийн 30 гаруй эмнэлэгт 1000 гаруй мэс засал хийжээ. Энэ талаар Isee.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Гэрлээ “Роботоор мэс засал хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Энэ төхөөрөмж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн ачаалалтай байдаг манай улсад нэвтэрвэл эмнэлгийн үйлчилгээний стандартыг эрс сайжруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярьжээ. Мэс заслын робот үйлдвэрлэгч “MicroPort Scientific Corporation” нь 25 жилийн хугацаанд дэлхийн 20 мянган эмнэлэгт хэрэглэж буй 500 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, салбартаа тэргүүлэгч компани ажээ. Тэд бүх бүтээгдэхүүнээ өөрсдөө хөгжүүлж, дотооддоо үйлдвэрлэж буй бөгөөд нэг эмнэлгийн хэрэгсэл бүтээхийн тулд дунджаар найман жилийн хугацаа зарцуулдаг ч ашиглалтын дундаж хугацаа нь ердөө таван жил байдаг гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.