images

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ши Жиньпинтэй уулзав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-28


     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй мягмар гарагт албан ёсны уулзалт хийлээ. Тэрбээр 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын үеэр түүнтэй анх уулзаж байсан юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, хэлэлцээний түвшинд байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх талаар санал солилцжээ. Мөн ерөнхий сайд тус улсын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудыг холбох хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Монголын талаас дөрвөн боомтыг төмөр замаар холбоод байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 11 дүгээр сард ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус улсад айлчлахад төрийн тэргүүнүүдийн ярилцаж тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох тухай ярилцжээ. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.