images

Тайландын гүнжид ХААИС-ийн хүндэт доктор цол олголоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-27


     Тайландын хаант улсын гүнж Чулабхорн Валайлак БОАЖ-ны сайдын урилгаар энэ сарын 20-28-нд Монгол улсад айлчилж буй. Түүний айлчлал ирэх жил тохиох хоёр улсын дипломат харилцааны 50 жилийн ойг угтан хийж буй дээд хэмжээний айлчлал юм. Энэ айлчлал нь байгаль орчин, аялал жуулчлалын салбарт чухал нөлөөтэй гэж үзсэн тул ХААИС түүнд хүндэт доктор цолоо өчигдөр олгов. ХААИС-ийн хүндэт доктор цол олгох журамд зааснаар Монгол улсад айлчлал хийж буй гадаад улсын төрийн өндөр албан тушаалтанд төрийн захиргааны удирдах дээд байгууллагын санал болгосноор энэ цолыг олгодог. Мөн тус сургууль Тайландын Касесарт болон Чулангкорны их сургуультай хамтран ажилладаг бөгөөд Тайландын гүнж нь Касесартын их сургуулийг органик химич мэргэжлээр 1979 онд төгсөж, бакалаврын зэрэг авчээ. Тус сургууль нь Тайландын хамгийн шилдэг хөдөө аж ахуйн сургууль юм. Тайландын гүнж мөн Махидол их сургуульд 1985 онд философийн ухааны доторын зэрэг хамгаалжээ. Энэ удаа түүний ХААИС-д зочилж буй гол зорилго нь хоёр орны их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, ХАА, мал эмнэлгийн шинжлэх ухаан, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтарсан судалгааны ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан судлаач, багш, оюутан солилцоход дэмжлэг үзүүлэхэд оршиж буй юм.

     Мөн тэрбээр Монголд АНУ, Нидерланд, Дани, Тайландын эрдэмтдийн хамт ирж, манай орны Байгаль орчин, ХАА-н салбарынханд “Хүрээлэн буй орчны хор судлал” сэдэвт дөрвөн өдрийн сургалт оржээ. Чулабхорн Валайлак гүнж нь 2016 онд таалал төгссөн Бумибол хааны бага охин бөгөөд 1957 онд төржээ. Өмнө нь эгч гүнж Маха Чакри Сириндхорн нь манай улсад айлчилж, Монголын орон нутгийн таван сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.