images

Жендерийн зөрүүтэй байдлын индексээр Монгол 146 орноос 80 дугаарт жагсав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-22


     Дэлхийн улс орнуудын хүн амын жендерийн зөрүүтэй байдлын судалгааг эдийн засгийн оролцоо, боломж, улс төрийн эрх мэдэл, боловсролын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлан Дэлхийн эдийн засгийн форум 2006 оноос эхлэн танилцуулж байгаа билээ. Ингэхдээ дээрх дөрвөн үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулаад үр дүнг нь нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам жендерийн зөрүү ихтэй буюу хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг. Тэгвэл 2023 оны судалгааны үр дүнгээр манай улс 0.704 оноо авч дэлхийн 146 улсаас 80 дугаар байрт жагсав. Үзүүлэлт тус бүрээр нь авч үзвэл, монгол эрчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын индекс нь 0.980-тай тэнцэж бусад 25 улсын хамт нэгдүгээрт жагсаж тэргүүлэв. Мөн эдийн засаг дахь оролцоо, боломжийн индекс нь 0.745 байж 33 дугаарт эрэмбэлэгджээ. Харин улс төрд эрэгтэйчүүд давуу эрх мэдэлтэй байдаг тул уг үзүүлэлтэд 0.099 оноо авч 146 орны 121 дүгээрт удааллаа. Мөн охид хөвгүүдээс харьцангуй илүү боловсрол эзэмшдэг тул боловсролын түвшний үзүүлэлтээр 0.994 оноо авч 67 дугаарт жагссан байна. Улмаар манай улс өнгөрсөн жилээс арван байраар ухарчээ.

     Уг судалгаанд 142 орныг хамруулахдаа найман бүст хуваасан бөгөөд Монгол улс нэгдсэн дүнгээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн 19 орны наймдугаарт оров. Манай улсын өмнө Шинэ Зеланд, Австрали, Вьетнам, Тайланд, Сингапур, Лаос жагссан. Харин Хятад, Өмнөд Солонгос, Японд жендерийн зөрүүтэй байдал харьцангуй их байгаа нь уг индексээс харагдах аж. Тухайлбал, дөрвөн үзүүлэлтийн нийлбэрээр Өмнөд Солонгос 105, Хятад 107, Япон 125 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд Япон улс бүсдээ хамгийн сүүлд жагссан юм. Ерөнхийдөө дэлхий дахинд боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт 95-96 хувьтай сайн буюу жендерийн зөрүү бараг үгүйтэй ижил байгаа юм. Гагцхүү улс төрд жендерийн зөрүүтэй байдал маш их буюу 22.1 хувьтай байна. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй сайн байгаа буюу жендерийн харьцаа 0.5 онооноос дээш байгаа ердөө 10 орон бий. Тэр арав нь Исланд, Норвеги, Швед, Финланд тэргүүтэй орнууд юм. Ингээд нийт дөрвөн үзүүлэлтийн нэгдсэн дүнгээр дэлхийн хамгийн жендерийн зөрүү багатай орноор 0.912 оноогоор Исланд тэргүүлж, өнгөрсөн оны байр сууриа хадгалав. Эсрэгээрээ хоёр жил дараалан Афганистан улс дэлхийн хамгийн жендерийн зөрүүтэй байдал ихтэй орон боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.