images

Стивэн Сигалын бөгжийг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг нь буяны үйлсэд хандивлана

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-06-16


     Холливүүдийн жүжигчин, АНУ, Серби, ОХУ-ын иргэн Стивэн Сигалын бөгжийг дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг нь буяны үйлсэд хандивлах болсноо түүний эхнэр Б.Эрдэнэтуяа өчигдөр зарлалаа. Есөн эрдэнийн шигтгээ бүхий тэрхүү бөгж нь жүжигчинд 30 гаруй жилийн өмнө Тайландын хааны гэр бүлээс дурсгасан луу дүрстэй бөгж хэмээн Б.Эрдэнэтуяа тайлбарлажээ. Түүний хэлснээр, луу жилтэй С.Сигал уг эдийг бөгж төдийгүй бугуйвчны журмаар биедээ байнга нандигнан авч явж ирсэн гэнэ. Бөгж борлуулсан орлогыг 400 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын санхүүжилтэд хандивлах ажээ. "Нарны хүүхдүүд" хэмээх энэ цэцэрлэг нь Канадын иргэн Жюли Вэлүүгийн “Veloo Foundation” сангаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд хэрэгжүүлж буй ээлжит төсөл юм. Тус сан өмнө нь нийт 370 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг барьснаас гадна Улаанчулуутын хогийн цэг гэх мэт эмзэг бүлгийнхэн олноор байдаг газруудыг хамарсан хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсролын олон төслийг сүүлийн 10 гаруй жил тасралтгүй хэрэгжүүлж ирсэн байна. “Veloo Foundation” сангийн 10 жилийн ойд зориулсан хандивын арга хэмжээ маргааш “UG Palace” цогцолборт болох ажээ.

    Санскрит буюу самгарьд хэлээр navaratna хэмээх есөн эрдэнийн шигтгээ бүхий бөгж, бугуйвч, энгэрийн зүүлт гэх мэт төрөл бүрийн гоёлыг ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудад эртнээс чухалчлан хэрэглэсээр иржээ. Тухайлбал Тайланд улсад есөн эрдэнийн гоёлыг үндэстний хийгээд хаан төрийн бэлгэ тэмдэг хэмээн дээдэлдэг бөгөөд төрийн дээд шагнал “Есөн эрдэнийн одон”-г 1851 оноос хойш хаан гэр бүлийн гишүүд, төрийн дээд албан тушаалтнуудад олгож иржээ. Мөн Энэтхэг, Балба, Шри Ланка, Малайз зэрэг олон оронд ийм гоёлыг амжилт, эд баялаг дууддаг хэмээн түгээмэл хэрэглэдэг байна. Navaratna гэдгийн  nava нь есийн тоог заадаг бол ratna хэмээх самгарьд үг нь монгол хэлэнд Раднаа хэмээх хүний нэр төдийгүй эрдэнэ гэсэн үг болон нутагшжээ.

Гэрэл зургийг Батсүхийн Эрдэнэтуяагийн Фэйсбүүк хуудаснаас. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.