images

70 инженер хамтран Улаанбаатарыг үерээс хамгаалах төлөвлөгөө боловсруулжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-16


     Улаанбаатар хотын суурьшил, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нийт 89,475 га талбайг хамарсан хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг мастер, докторын зэрэгтэй 70 орчим инженер зургаан үндсэн чиглэлээр боловсруулсан байна. Энэ нь хотыг үер уснаас хамгаалах байгууламжийг сайжруулах, шинэчлэх тухай төлөвлөгөө юм. Хот орчмын хуурай сайр, жижиг голуудын нийт урт 314 км бөгөөд одоогоор үерийн хамгаалалтын 168 км барилга, байгууламж байгаа аж. Гэтэл үерийн далан сувгийн 67 хувь буюу 100 км-ийг нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км-ийг нь 1987-2020 онд барьжээ. Мөн зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ нийт 169 км байгаагаас гол 18 шугамын 80 хувийг 1970-1980 онд барьсан байна. Иймээс ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан шугам сүлжээнд засвар шинэчлэл хийх шаардлагатай гэж дүгнэв. Мөн хөрсний ус зайлуулах шугам сүлжээ нийт 18.3 км, газрын доорх усны мониторингийн хяналтын цооног 53, идэвхтэй булгийн тоо 133 байгааг тоолжээ. Улмаар инженерүүд үерийн ус ихээр хальдаг таван байршилд хамгаалалтын далан байгуулах шаардлагатай гэж тооцоолсон байна. Түүнчлэн Туул голын цутгал Сэлбэ голд ус хуримтлуулах сан байгуулснаар үерийн эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж гурван усан сан төлөвлөжээ. Цаашид суурьшлын бүс нэмэгдэхээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хүчин чадал хүрэхгүй тул нэмж байгуулах, өргөтгөх зайлшгүй шаардлагатай бөгөөд зам, талбайн борооны ус зайлуулах 250 км шугам сүлжээ төлөвлөх шаардлагатай гэж инженерүүд дүгнэв. Ингээд хотын инженерийн мастер төлөвлөгөөг 2023-2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ төлөвлөгөөг өчигдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.