images

Монгол залуу "Манчестер”-ийн тоглолтыг биеэр үзэхийн тулд 12000 км замыг дугуйгаар туулна  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-15


     Монгол залуу "Манчестер Юнайтед" багийн тоглолтыг үзэхийн тулд Улаанбаатар хотоос Английн Олд Траффорд руу дугуйгаар аялж байна. Батболдын Очирваань хэмээх энэхүү залуу анх удаагаа хайртай багийнхаа тоглолтыг үзэхийн тулд энэ урт аялалд зориглон морджээ. Тэрбээр өнгөрсөн сарын 5-нд гэрээсээ гарч сар гаруйн хугацаанд дугуйгаар 2600 км замыг туулсан байна. Одоо тэрбээр Хятадын Шинжаанд байгаа бөгөөд 10 мянган км зам үлдээд байгаа гэнэ. Түүний маршрут нь Хятадын дараа Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк, Болгар, Хойд Македон, Косово, Серби, Унгар, Австри, Герман, Франц, Англи ажээ. Тэрбээр нийтдээ 12800 км урт замыг туулах бөгөөд ирэх 12 дугаар сард зорьсон газартаа очно хэмээн төлөвлөжээ. 2016 онд Монголд амьдарч, хөлбөмбөгийн баг удирдаж байсан Пол Ватсон "Манчестер Юнайтед"-ын олон улсын фэнүүдийн “ilovemanchester” сайтад Очироогийн талаар дуулгажээ. Тэрбээр уг сайтын сурвалжлагчид ярихдаа “Би анх Очироотой Монголд хөлбөмбөгийн баг бүрдүүлж, тоглогчид хайж байхдаа танилцсан юм. Тэр сургуулийнхаа бэлтгэлийн талбайд ганцаараа өглөөний зургаан цагт -15 хэмд гадаа "Манчестер Юнайтед"-ын цамц өмссөн бэлтгэл хийж байсан. Манай багт нэг жил тоглосныхоо дараа Очироо гадаадын нэг хуурамч зуучлагчид мөнгөө залилуулчихсан юм. Гурван мянган паунд алдаж маш хүнд байдалд орсон” гэжээ. Аз болоход Очироо Их Британийн хамгийн алдартай "Hawksbee Jacobs" спортын нэвтрүүлэгт оролцсоны дараа сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд хандив өргөн хохирлыг нь нөхөж өгчээ. Улмаар "Улаанбаатар Сити" багт тоглохоор хөл бөмбөгтөө эргэн ирж улсын аварга болсон ч Олд Траффордод очих хүсэл мөрөөдөл нь арилсангүй. Сонирхолтой нь, Очироо 10 настайгаасаа "Манчестер Юнайтед"-ыг дэмжиж, 15 настайгаасаа хөлбөмбөгийн багт тогложээ. Түүний авга ах нь “Манчестер”-ийн улаан фэн бөгөөд хамт хөлбөмбөг үзсээр дүүгээ эргэлт буцалтгүй уруу татсан гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.