images

Говь-Алтай: Эрээн нуурыг сэргээхэд Герман улс тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-15


    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны А/315 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших Эрээн нуурыг сэргээхээр болсон билээ. Дөрвөн талаасаа элсэн манхнаар хүрээлэгдсэн Эрээн нуурын дийлэнх хэсэг нь ширгэн, эко систем нь алдагдаж, ан амьтан нь мөхлийн ирмэгт тулаад байсан юм. Усны газар өнгөрсөн онд 350 сая төгрөгийн өртөг бүхий "Завхан голын голдирлыг шилжүүлж, Эрээн нуурыг сэргээх ажлын зураг төслийг боловсруулах, байгаль орчны нарийвчилсан судалгаа хийх ажлыг зохион байгуулах" тендерийг зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Тэгвэл тус нуурыг сэргээх ажилд энэ удаа Герман улсын Сэргээн босголт, зээлийн банк дэмжлэг үзүүлэхээр болжээ. Улмаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хоёр, гуравдугаар шатны хэрэгжилт, 2022 оны ажлын тайлантай танилцах ажлын хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны төслийн менежер тэргүүтэй баг өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймагт ажилласан байна. Төслийн багийнхан Эрээн нуурыг сэргээх ажлын зураг төслийн дагуу барилга угсралтын ажил, нуурын ёроолоос хурдас, ургамал зайлуулах цэвэрлэгээ, нуурын өвөрмөц тогтцыг сэргээх, орчны тохижилтыг хийж нуурыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлуудыг энэ ондоо багтаан хийж гүйцэтгэх юм байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.