Монголын говь цөлийг дэлхийн өвд бүртгүүлэх төслийг танилцуулав
Чихэнд чимэгтэй
2023-06-13
“Монголын их говь элсэн цөлийн ландшафтуудыг дэлхийн өвд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн нээлт, хэлэлцүүлэг БОАЖЯ-нд өчигдөр боллоо. Тус уулзалтад ХБНГУ-ын Байгаль хамгаалах агентлагийн доктор Соня Отто, Михаил Зукковын сангийн удирдах зөвлөлийн гишүүн Ханнес Кнап, Иэнс Вундэрлих болон олон улсын зөвлөх Тилман Еэгэр нар оролцжээ. Тэд дэлхийн өвийн конвенцийн зарим асуудал болон Их бага говийн харьцуулсан дүн шинжилгээ, хамгаалалт менежментийн бүрэн байдал, аюул эрсдэл зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Энэхүү төслийг ХБНГУ-ын Байгаль орчны яамны дэргэдэх Зөвлөх тусламжийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж, ХБНГУ-ын Михайл Зукковын сан, Монголын Шувуу судлалын сан, Олон улсын тахийн групптэй хамтран хэрэгжүүлнэ. Хэлэлцүүлгийн үеэр мөн судлаачид Монгол орон дархан цаазат газрын хамгааллаараа дэлхийд тэргүүлж байгааг дурдсан байна. Сонирхуулахад, дэлхийн өвд бүртгүүлэн хамгаалахаар зорьж буй Монголын говь нутаг нь Төв Азийн хүйтэн цөлийн зүүн дэд хэв шинжийг бүрэн бүтнээр нь хамгаалж үлдсэн хэсгийг төлөөлж, түүний цар хүрээ, олон талт, онгон дагшин байдлын хослолоороо дэлхий нийтийн хосгүй гайхалтай үнэ цэнэ бүхий, ховор амьтан, ургамлын онцгой төлөөлөл бүхий чухал популяцуудын өлгий нутаг юм. Өвөрмөц энэ газар нутгийг дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг судлаачид хоёр жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.