“Бадма Чагдар хоёр”-ын найруулагч Монголд ирнэ
Чихэнд чимэгтэй
2023-06-12
ОХУ-ын Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач, найруулагч Эрдэни Жалцанов уран бүтээлчдийн багтайгаа өнөөдрөөс Улаанбаатар хотод ажиллана. “Бадма Чагдар хоёр” цуврал богино хэмжээний хүүхэлдэйн киноны зураач, зохиолч тэрбээр гурав хоногийн турш өөрийн шинэ жүжгийн дууны клипийг Улаанбаатарт авах юм. Э.Жалцанов нь монгол угсаатны эртний нэгэн аймаг, өнөөгийн монгол үндэстний нэгэн ястан буриад зон олны өнгөрсөн, одоо, ирээдүйн түүхийг өгүүлэх энэ удаагийн жүжгийнхээ хоёр дууг охин Сарантуяатайгаа хамтран бүтээжээ. Нэг дуугаа өвөг дээдэстээ, удаах дууг хойч үе, хүүхэд нялхаст зориулсан гэнэ. Мөн тус клипний зураг авалтад буриад зон олноо үндэснийхээ дээл өмсгөлтэй хүрэлцэн ирж орохыг урьжээ. Ингэхдээ, олны хэсэгт хамрагдах азай буурлууд, балчир багачууд, хүүхэд залуучуудаас гадна гол дүрд тоглох 80-90 настай өвгөн буурлууд, 9 хүртэлх насны зургаан хөвгүүн, хөхүүл нялх хүүхэдтэй 30 орчим насны залуу гэр бүл, баавай ахайнуудаа төлөөлөн 80 орчим насны өвгөн баавай болон түүний хүү ба хөвгүүд нь (гурван үе), 80 настай ижийг байгальд хийх зураг авалтад оролцуулна гэнэ.
“Бадма Чагдар хоёр” хүүхэлдэйн киноны эвлүүлгийг түүний эхнэр нь хийдэг бол хөгжмийг том охин Сарантуяа нь бүтээдэг байна. Харин 10 настай Янжмаа охин нь Бадамд хори буриад аялгаар, Чагдарт Зэд аймгийн сартуул аялгаар дуу оруулдаг ажээ. Тэд "Бадма Чагдар хоёр" киногоороо буриад монгол хэлээ сэргээн таниулж, эх хэл соёлоо мартахгүй байхыг уриалдаг юм. Найруулагч Э.Жалцанов өөрийн найруулж дэглэсэн жүжгүүдээрээ ОХУ-ын Бүх Холбоотын үндэсний театрын хамгийн дээд шагнал болох “Алтан баг” шагналыг гурван удаа хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.