images

Өмнөговийн багачуудын бүтээл сансарт "нисэх" үү?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-08


     Хятадын сансрын төвөөс өнгөрсөн онд зарласан "Сансарт хүрэх миний мөрөөдөл" сэдэвт гар зургийн олон улсын уралдаанд Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож, 17 бүтээл илгээжээ. Улмаар тэдгээр зургуудаас 11 нь тус улсын Шинжлэх ухаан, технологийн академийн дэргэдэх Олон улсын музейд гарсан үзэсгэлэнд тавигдсан байна. Мөн таван сурагч бүтээлээрээ шагнал хүртсэн бөгөөд өнөөдөр тэдний шагналд "Mi" брэндийн ухаалаг бугуйн цаг ирснийг "Цахим говь" төрийн бус байгууллагын захирал Э.Эрдэнэсувд гардуулжээ. Мөн энэ уралдаанд шалгарч шагнал хүртсэн бүтээлүүдээс Хятадын сансрын хөлгийн багийнхан сонгож сансрын станц руу авч яваад тэндээ үзэсгэлэн гаргадгааргаа онцлог. Тухайлбал, "Тiangong” сансрын станцад гарсан анхны гар зургийн үзэсгэлэн 2022 оны нэгдүгээр сард Хятад улс сансарт гарсны 30 жилийн ойгоор тохиосон юм. Харин хоёр дахь үзэсгэлэнг туулай жилийн цагаан сарын битүүний өдөр "Shenzhou 15" хөлгийн багийнхан дэлгэж, сансраас бичлэг илгээж байв. Мөн өнгөрөгч тавдугаар сарын 30-нд сансарт хөөрсөн “Shenzhou 16” хөлгийн багийнхан Африкийн арван орны арван хүүхдийн “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийг сансарт авч нисчээ. Тэгвэл ирэх аравдугаар сард “Shenzhou 16” хөлгийг хөөргөхөд монгол багачуудын зурсан зургаас авч явж магадгүй юм.

     Гар зургийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүд бүгд Даланзадгад сумынх бөгөөд аймгийн I дунд сургуулийн сурагч Х.Уранжаргал, II дунд сургуулийн сурагч П.Энх-Амгалан, Э.Энхжин, III дунд сургуулийн сурагч Д.Мичидмаа, Д.Анударь нар юм. Хятадын уралдаанд тэд хоёр, гуравдугаар болон тусгай байрт шалгарсан аж. Харин сурагчдыг энэ уралдааны талаар мэдээлэл авахад Э.Эрдэнэсувд, зураг зурахад нь “Mosaic” сургалтын төвийн багш онол, дадлагын хичээл зааж, бүтээлээ илгээхэд нь Өвөр Монголын "Анд" студи тусалсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.