images

Хятадад ЭЕШ болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-08


     Манай улсын Элсэлтийн ерөнхий шалгалт дараа долоо хоногт эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр урд хөршид их сургууль, коллежид элсэгчдийн нэгдсэн шалгалт болж байна. Үүнийг хятадууд гаокао гэж нэрлэдэг бөгөөд энэ жил 12.91 сая элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс 980 мянгаар олон байгаа аж. Энэ шалгалт нь тус улсын сурагчид их, дээд сургууль, коллежид элсэх цорын ганц боломж бөгөөд ганц удаа шалгалт өгөх эрхтэй байдаг тул үүнийг хятадууд нарийн гүүрээр мянган хүн гарахтай зүйрлэдэг аж. Лхагва гарагт эхэлсэн шалгалт маргааш дуусах бөгөөд энэ үеэр шалгалт авах сургуулиудын ойр орчмын замын хөдөлгөөнийг хааж, хоолны газар, рестораны үйлчилгээг зогсоон, шалгуулагчдад чимээ шуугиан багатай орчин бүрдүүлж өгчээ. Мөн 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад шалгалт өгөхөд таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан гэнэ. Харин шалгуулагчид нэгнээсээ хуулах оролдлого хийвэл шалгалтаас шууд хөөх юм байна. Энэ хяналтыг царай танигч төхөөрөмжөөр илрүүлж байгаа бөгөөд тэд бүгд тестийн шалгалт өгдөг. Хятад улс 1952 оноос гаокао шалгалт авч буй бөгөөд өнгөрсөн жилийн шалгуулагчдын 85 хувь нь их сургуульд тэнцжээ. Тэгвэл 2020 оны байдлаар тус улсад дээд боловсролын 3005 байгууллага байсны 2740 нь их сургууль, коллеж, 265 нь насанд хүрэгчдийн коллеж байсан аж. Гэхдээ энэ жагсаалтад Макао, Хонконгийн их сургуулиуд багтаагүй. Мөн энэ жил 11.6 сая оюутан их сургууль, коллежоо төгсөж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.