images

Улаанбаатарт аюулгүй байдлын хурал зохион байгуулахыг АНУ, Өмнөд Солонгос дэмжив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-05


    Манай улс Өмнөд Солонгос, АНУ-тай өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо анх удаа гурван талт уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Бямбасүрэн тэргүүлэн, БНСУ-ын  Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн асуудал эрхэлсэн ерөнхий захирал Ён Жун Чой, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Марк Ламберт нар оролцжээ. Уулзалтын үеэр төлөөлөгчид бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, улс төр, аюулгүй байдлын түншлэл, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна. Түүнчлэн заналхийлсэн буюу хүч хэрэглэсэн үйлдлийн эсрэг НҮБ-ын дүрэм, эрх тэгш байдал, улс орнуудын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүний эрхийг дэмжих, хүндэтгэх, хориглох зарчмыг баримтлахыг бусад улсуудад уриалжээ. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайван, цэцэглэн хөгжихийн төлөөх “Зоригтой санаачилга”-ыг Монгол, АНУ дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн талууд эрчим хүч, ашигт малтмал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх,  хүнсний аюулгүй байдал, тээвэрлэлт, нийлүүлэлтийн сүлжээ, оюуны өмчийн эрх, түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа онцолж, энэ сарын 15-наас 16-ны өдрүүдэд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын наймдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг санал нэгтэй дэмжсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.