Ромын пап ламын Монгол дахь айлчлал наймдугаар сарын 31-нд эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-06-05
Ромын пап Франциск наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-нийг хүртэл Монголд айлчах гэж буйг Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни бямба гарагт мэдээлэв. Мөн тэрбээр уг айлчлал Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар болж буйг хэлсэн юм. Тэгвэл тус айлчлал пап ламын Монгол дахь анхны бөгөөд хамгийн холын аялал нь болох ажээ. Өнгөрсөн оны наймдугаар сард пап лам Улаанбаатарт суух Ватиканы төлөөлөгчөөр католик шашны хамба Жоржиа Маренгог томилсон бөгөөд мөн оны тавдугаар сард Монголын Буддын шашны төлөөлөгчид Ватиканд анх удаа албан ёсны айлчлал хийсэн байна. Мөн тэр үеэр Ж.Маренго пап ламтай Монголд хийх айлчлалын талаар зөвлөлджээ. Айлчлалын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал Өмнөд Солонгосын “Yonhap News”, Их Британийн "Reuters" агентлаг Монгол улсад пап лам айлчлах болсны шалтгааныг тайлбарлахдаа “Цөөхөн хүн амтай, ердөө 1000 гаруй католик сүсэгтэнтэй, хүн амын ихэнх нь буддын шашин шүтдэг тус улс нь БНХАУ-тай хил залгаа оршдог, эдийн засгийн нягт харилцаатай тул Монгол улстай харилцаагаа хөгжүүлэх нь Хятадтай ойр дотно харилцах үүд хаалга болно” гэж мэдээлэв. Мөн Францын Стратегийн судалгааны сангийн судлаач Антуан Майэр AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Монгол улс нь Орос, Хятадын дунд дунд оршдог бөгөөд пап ламын айлчлал тухайн бүс нутагт гадаад харилцаагаа өргөжүүлэх гэсэн Ватиканы оролдлого” гэжээ. Пап лам 2013 онд сэнтийд сууснаас хойш гадаадад 41 удаа айлчлал хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.