images

Хятадын Буддын сүмүүд орчин үеийн загвартай дурсгалын зүйлсээр залуусын сонирхлыг татаж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-25


      Хятадын Буддын шашны сүм хийдүүд орчин үеийн, загварлаг бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь залуусын сонирхлыг ихээр татах болов. Тухайлбал, Бээжингийн төвд байх Чин гүрний үеийн (1644-1911) олон жилийн түүхтэй Юнхэгүн сүмийн эрхи тус улсын цахим сүлжээ хэрэглэгчдийн ярианы гол сэдэв болж, олны анхаарлыг ихээр татжээ. Тиймээс амралтын өдөр гэлтгүй ажлын өдрөөр ч тус сүм хүний хөлд даруулах болж, зөвхөн тэр эрхийг худалдаж авах хүмүүс дугаарлан зогсох болжээ. Жишээ нь, Шанхайгаас Бээжин рүү бизнес аяллаар явсан эмэгтэй Лян Ю зориуд цаг гарган хүйтэнд сүмийн гадна цаг гаруй дараалалд зогсож 400 юаниар өөртөө бас найзууддаа бэлэглэхээр 10 эрхи авсан байна. Учир нь, эрхи худалдаж авсан хүмүүс аз авчирна гэдэгт итгэхээс гадна өөрийгөө баярлуулахыг хүссэн тухайгаа хэвлэлд ярьжээ. Нөгөөтээгүүр хятад залуусын дунд стресс ядаргаагаа тайлж, амар амгалан, аз жаргалыг мэдэрч, ирээдүйдээ аз, амжилт хүсэхийн тулд Буддын сүм хийдэд очих шинэ хандлага дэлгэрсэн байна. Иймээс сүм хийдүүд залуу зочдын хүсэл сонирхолд нийцүүлэн бүтээлч, сайн хийцтэй бүтээгдэхүүн санал болгох болсон нь энэ бөгөөд та зураг дээрх Манзушир бурханы дүртэй түлхүүрийн оосрыг хараад мэдэж болно. Мөн судар, сахиус гэх зэрэг хийд бүрд зардаг уламжлалт бүтээгдэхүүнээс илүүтэй хятад соёлыг агуулсан хүүхэлдэйн дүртэй ийм чимэглэл, тоглоом, үзэг, аяга зэрэг бусад бүтээгдэхүүн залуучуудын сонирхлыг татаж байгаа аж. Тухайлбал, оюутнуудад зориулсан 99 юанийн үнэтэй багц хамгийн өндөр борлуулалттай байгаа гэнэ. Тус багцад бэхний үзэг, торгон уут, Манзушир бурхны хүүхэлдэйн дүрстэй энгэрийн тэмдэг багтжээ. Ийм хөөрхөн юмс худалдан авч буйдаа залуус сэтгэл хангалуун байгаа бөгөөд ариун сүмээс худалдан авч байгаа юмсын үнэ тийм ч чухал биш байдаг аж. Тиймээс нийгмийн шинэ хандлагаас үүдэн сүм хийдүүд арилжааны харилцаанд идэвхтэй орж эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.