images

“Арвис” сургуулийн хаврын баяр боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-05-24


      Ерөнхий боловсролын “Арвис” сургуулийн хаврын тайлант өдөрлөг өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Цагаан цамц, улаан зангиагаар жигдэрсэн сурагчид нэгэн зэрэг цоглог хэмнэлээр бүжиж, үргэлжлүүлэн “Норовын намтар” зохиолын хэсгээс өгүүллэг уншиж, СГЗ Г.Нямсамбуугийн үг, ая сургуулийнхаа сүлд дуу болох “Мөнхийн дуудлага”--г дуулж хаврын баяраа нээсэн юм. Тайлант өдөрлөгт энэ сургуульд ажилладаг, суралцдаг хэн бүхэн оролцон дуулж, бүжиж, зарим нь бүр шүлэглэж, жүжиглэж байв. Хөгжмийн хичээлийн хоёр, япон хэлний нэг, бага ангийн нэг гээд нийлээд зургаан багш “Жалам хар” аялгууг морин хуур, хуучир хөгжим дээр сурамгай гэгч нь тоглож сонирхууллаа. Хүүхдүүд ч монгол дуу, бүжгээ үзүүлэхдээ жигд сайн юм. Нэгэн ижил хэмнэлээр биелгээ ч биелж нүд баясгав. Тэд энэ өдөрт зориулан нэг жилийн туршид сурсан мэдсэнээ ээж, аав, асран хамгаалагчдадаа тайлагнаж, зүйл бүрээр авьяас чадвараа харуулж байна. Тиймдээ ч хичээл ном, төгсөх шалгалтынхаа хажуугаар нэг зохион байгуулалтад орж, үйл хөдөлгөөн, үзүүлбэрийн дараалал, хувцсаа жигдэлж, чамбай бэлдсэн нь илт байв.

     Тус сургууль анх 1998 онд англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаар байгуулагдаж өдгөө 25 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй  бөгөөд энэ жилээс хэрэгжих Хос хөтөлбөр-хос гэрчилгээ”-тэй төгсөх ангийг Японы КАКЕ боловсролын хүрээлэнгийн дэргэдэх “Чиба” шинжлэх ухааны их сургуулийн ахлах сургуультай хамтран нээсэн байна. Ингэснээр монгол сурагчид япон хэлний өндөр түвшний оноотой, хос гэрчилгээтэй төгсөх бололцоог хангажээ. Үүнтэй холбоотойгоор мөн энэ өдөр Япон талын ахлах сургуулийн захирал Оота, багш Накай нар тайлан тоглолтод нь хүрэлцэн ирсэн байна. Тайлан тоглолтод ирсэн зарим эцэг эхчүүдийн төлөөлөл “Энэ сургуульд  япон, англи хэлнээс гадна сонгон суралцахаар хятад хэлний хичээл үзэж болдог гэхээр нь хоёр ч хүүхдээ өгчихсөн. Хүүхдүүд маань ч хэл усандаа сүрхий сайжирсан санагддаг” хэмээн хоорондоо ярилцаж байв. Угтаа энэ сургууль олон гадаад хэлийг зэрэг сургана хэмээн хүүхдүүдээ хөтөлбөрөөр шахаад байдаггүй. Сонгосон тодорхой хэлнээс нь гадна урлаг, спортоор хичээллүүлж, уран гоё бичих авьяасыг нь жигд хөгжүүлж, монгол ардын дуу бүжгийг чухалчлан заадаг байна. Сургуульдаа төгөлдөр хуур, морин хуур, шатар болон бусад спортын төрлүүд, бийрэн бичлэг, мэтгэлцээний клубүүд хичээллүүлдэг ажээ. Өдөрлөгийн тайзны зэргэлдээ хоёр асар босгож, хананд нь монгол бичиг, хятад, япон хэлний ханз бүхий бийрэн бичлэгийн үзэсгэлэн дэлгэсэн байна. Басхүү загварт сонирхолтой хүүхдүүдийнхээ авьяасыг ч энэ өдөр нийтэд үзүүллээ. Хуучин хувцас, гялгар уут, пластик хог хаягдлыг дахин боловсруулснаараа хувцас урласан бөгөөд түүгээрээ загварын шоу үзүүлэв. Багачууд нь эрвээхэйн далавч, сансрын нисгэгч, усан онгоцны ахмадын өмсгөл зэргээр үлгэрийн мэт хувцаслаж, донжтой гэгч нь алхаж байлаа.  

     Өдөрлөгийн төгсгөлд 12 дугаар ангийн хүүхдүүд эцэг эхчүүдийн хамтаар дурсамжийн хичээлд сууж, төгсөлтийн баяраа тэмдэглэсэн юм. Үүний зэрэгцээ нэгдүгээр ангид элсэн суралцах бэлтгэл ангийн 16 сурагчид тус бүр дэвшин суралцах эрхийг нь гардуулж өгөв. “Арвис” сургууль нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг 60 цагийн хичээлд хамруулан уншиж, бичиж, бодох суурь чадваруудыг олгодгоороо онцлог гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.