Монгол, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжинд уулзав
Чихэнд чимэгтэй
2023-05-23
“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Бээжин хотод айлчилжээ. Айлчлалын хүрээнд хоёр талын төмөр замын удирдлагууд уулзаж, Хятад-Европ чиглэлд чингэлгийн 2700 буухиа галт тэргийг энэ онд дамжин өнгөрүүлэх талаар зөвшилцсөн байна. Уг чингэлгийн галт тэрэгний тээвэр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 889 галт тэрэгт хүрээд байгаа юм. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд хавар зуны улиралд манай улс руу ачилт хийдэг төмөр замуудад вагон илгээлтийн төлөвлөгөөг нэмэгдүүлж бодохыг Хятадын талаас хүссэн байна. Олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг УБТЗ бүрэн хангаж дууссан тул ойрын хугацаанд Замын-Үүд Эрээн боомтоор зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээх төлөвтэй байгаа аж. Гуо Жусуе мөн уулзалтын үеэр тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд буулгалтаас суларсан хоосон вагонд ачаа ачих, Хятад-Европ чингэлгийн буухиа галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлэх, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах санал гаргаж, хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэхээр хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулахаар талууд тохиролцов. Уулзалтын төгсгөлд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуег Монголд албан ёсоор айлчлахыг урьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.