Грек: 10 мянган еврогийн шагналын сантай тэмцээнд монгол шатарчдыг оролцохыг урив
Чихэнд чимэгтэй
2023-05-17
Грекийн шатрын холбооноос тус улсын Родес арал дээр болох “Summer camp-2023” нээлттэй шатрын тэмцээнд монгол шатарчдыг оролцохыг урилаа. Тус тэмцээн наймдугаар сарын 20-30-ны өдрүүдэд гурван насны ангиллаар болох бөгөөд нийт 10 мянган еврогийн шагналын сантай юм. Энэ тэмцээнд оролцох тамирчдын бүртгэлийг Монголын шатрын холбоо ирэх сарын 20-ныг хүртэл хийнэ. Хоёр улсын шатрын холбоо өнгөрөгч сард Грект болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулж байв. Улмаар тус улсад болох, эсвэл тухайн шатрын холбооны хамтран зохион байгуулах Европын нээлттэй тэмцээнүүдэд Монголын тамирчдыг оролцуулах, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэгш оролцуулахад хамтран ажиллах, визний асуудалд нь дэмжлэг үзүүлэх талаар тохиролцсон байна. Тиймээс энэ тэмцээнд оролцох шатарчдад хоёр улсын шатрын холбооноос визний дэмжлэг үзүүлэхээр болжээ. Сонирхуулахад, Родес нь Европын хамгийн үзэсгэлэнтэй арал гэдгээрээ алдартай бөгөөд тэмцээний оролцогчид тус арал дээрх таван одтой зочид буудалд өөрийн зардлаар 10 хоногийн турш байрлах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.