Далан давхрын оршуулгын газрыг тохижуулах ажил эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-04-26
Самбалхүндэвийн буюу Далан давхрын оршуулгын газрыг тохижуулах ажил эхэлжээ. Уг газрыг олон улсын жишигт нийцүүлэн дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төсөл хэрэгжиж байгаа бөгөөд хоёр дах шат буюу тохижилтын ажил өчигдөр эхэлсэн байна. Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх талбайн шарилыг нүүлгэн шилжүүлж бүртгэлжүүлэн, газрын хөрсийг нь ариутган цэвэрлэжээ. Тус ажлыг Нийслэлийн засаг даргын захирамжаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, “Нью Семетери” компани гүйцэтгэж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 10 га талбайн 70 хувьд нь ногоон байгууламж байх бол 30 хувьд нь буяны сүм, бурхан бологсдын чандар шүтээн залах хэсэг, иргэдийн зорчих явган зам, амрах суух хэсэг, орчны гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэж, хоёр жилийн хугацаанд дуусгах юм байна. УИХ-аас 2015 онд баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан юм. 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10934 булш тоологдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.