Монголын газрын тос боловсруулах анхны үйлдвэр 2025 онд ашиглалтад орно
Чихэнд чимэгтэй
2023-04-26
Энэтхэгийн тусламжаар барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 он гэхэд ашиглалтад өгнө хэмээн Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд тус улсын “Live mint” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн блокийг энэ оны сүүлээр дуусгана. Монгол улс эрчим хүчний импортын хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байдаг учраас энэ бүтээн байгуулалт стратегийн чухал ач холбогдолтой. Боловсруулах үйлдвэр баригдсанаар манай улс хэрэгцээний 70 хувийг дотоодоосоо хангах боломжтой. Мөн Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг уул уурхай, металлын салбартаа татахаар төлөвлөж байгаа бөгөөд 2024 он гэхэд коксжсон нүүрсээ Энэтхэг рүү тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа" гэжээ. Энэтхэг нь манай чухал гуравдагч хөршийн нэг юм. Анх Энэтхэгийн ерөнхий сайд Н.Модигийн 2015 онд хийсэн түүхэн айлчлалын дараа Монгол улсад газрын тос боловсруулах анхны үйлдвэр байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. Түүнээс хойш энэхүү үйлдвэрийн төсөл эрчимтэй явагдаж байгаа бөгөөд дөрвөн багцаас бүрдэж байгаа аж. Эхний багц буюу “EPC 1” 70 гаруй хувьтай хэрэгжиж энэ онд дуусах төлөвтэй байна. Үлдсэн гурван багцыг сонгон шалгаруулалтад тэнцсэн Энэтхэгийн Хайдарабад хотод төвтэй “Megha Engineering and Infrastructures Limited” компани хийж гүйцэтгэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.