Судалгаа: Монгол хүн өдөрт дунджаар 9 цаг 12 минут унтдаг
Чихэнд чимэгтэй
2023-04-12
Үндэсний статистикийн хорооноос дөрвөн жил тутамд монголчуудын цаг ашиглалтын талаар судалгаа хийдэг билээ. Энэ жил тав дахь удаагаа уг судалгааг хийж эхлээд байна. Энэ удаа нийт 23 мянга гаруй өрхөөс сар бүр судалгаа мэдээлэл цуглуулж, үр дүнг нь үндэсний болон бүсийн түвшинд, байршлаар тооцон гаргахаар төлөвлөөд байгаа аж. Тус судалгааг хамгийн анх 2010 онд туршилтын журмаар 1086 өрхийг хамруулан хийж байв. Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь өрхийн гишүүдийн юунд илүү цаг зарцуулж байгааг тодорхойлж, улмаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөдөлмөрийн оролцооны тэгш бус байдал, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, түүнчлэн бодлого боловсруулагчид, хэрэглэгчдийг мэдээллээр хангах явдал юм. Хамгийн сүүлд буюу 2019 онд хийгдсэн цаг ашиглалтын судалгааны зарим сонирхолтой статистикуудаас танилцуулбал, монгол хүн нэг өдөрт дунджаар 9 цаг 12 минутыг унтахад, гурван цаг 23 минутыг хөдөлмөр эрхлэхэд, хоёр цаг 35 минутыг гэрийн ажил хийхэд зарцуулдаг гэжээ. Түүнчлэн хоёр цаг 14 минутыг хувийн үйл ажиллагаанд, хоёр цагийг мэдээллийн хэрэгсэл ашиглахад, нэг цаг 45 минутыг өрхийн хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, 38 минутыг сурахад, зургаан минутыг спортоор хичээллэхэд тус тус зарцуулдаг байна. Цаг ашиглалтын судалгааны ажил одоо үргэлжилж байгаа бөгөөд түүвэрт сонгогдсон өрхийн гишүүд судалгаандаа идэвхтэй хамрагдахыг ҮСХ-ноос уриалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.