Монголын хуучирч 1500 долларын тэтгэлэгтэй АНУ-ын хөгжмийн солилцооны хөтөлбөрт тэнцэв
Чихэнд чимэгтэй
2023-04-06
Үндэсний урлагийн их театрын гоцлол хуучир хөгжимчин Э.Цэндсүрэн АНУ-ын хөгжмийн солилцооны “OneBeat” олон улсын хөтөлбөрт тэнцжээ. Тус хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо, Нью-Йоркт төвтэй “Bang On a Can” хөгжмийн ТББ-ын харьяа “Found Sound Nation” төсөл хамтран зохион байгуулдаг байна. Энэ жил 64 орноос нийт 1200 уран бүтээлч, продюсер, хөгжимчид өргөдөл ирүүлсэн бөгөөд 17 орны 25 хүн тэнцэж шалгарчээ. Түүний хувьд өнгөрсөн сард соёл урлагийн салбарын оны шилдэг шалгаруулах “Мөнгөн мод-2022” наадмаас шилдэг хөгжимчний шагнал хүртсэн билээ. Энэ хөтөлбөрт шалгарсан уран бүтээлчдийн хувьд дэлхийн бусад орны уран бүтээлчидтэй холбоо тогтоож, хамтарч ажиллах үүд хаалга нээгддэг юм. Тухайлбал, цахим орчинд уран бүтээлээ туурвиж, өөрсдийн ансамблийг бүрдүүлэн, хэрхэн продюсер хийхэд суралцах, тоглолт хийж, уран бүтээлийн төрөл жанраа тэлэх, цахим мастеркласс, мэргэжил дээшлүүлэх зэрэг сургалт семинаруудад хамрагдах юм. Оролцогчид мөн нийгэм, олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөр удирдан зохион байгуулах тал дээр суралцаж, туршлага хуримтлуулах аж. Хөтөлбөрийн зүгээс оролцогчдод 1500 долларын урамшуулал олгоно. Анх 2012 оноос хэрэгжиж эхэлсэн “OneBeat” нь XXI зууны хөгжмийн урлагийн олон улсын залуу манлайлагчид цугладаг хөтөлбөр болоод байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.