images

Манай улс Ази, Номхон далайн бүс нутгийн далайн аюулгүй байдлын агентлагуудын хурлыг зохион байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-05


   Манай улс Ази, Номхон далайн бүс нутгийн далайн аюулгүй байдлын агентлагуудын 23 дугаар зөвлөгөөнийг Австрали улстай хамтран Сидней хотноо зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, зургаадугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд болох уг зөвлөгөөнийг зохион байгуулах эрхийг 2019 онд БНСУ-д болсон 20 дугаар зөвлөгөөний үеэр манай улс хариуцан зохион байгуулахаар товлосон юм. Энэ хүрээнд Монгол улсын Далайн захиргааны төлөөлөл Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кэйти Смит тэргүүтэй төлөөлөгчидтэй  тус улсын ЭСЯ-нд уулзжээ. Уулзалтаар Далайн захиргаанаас Монгол улсын далайн салбар дахь бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, энэ удаагийн  зөвлөгөөний үеэр Австралийн далайн аюулгүй байдлын захиргаатай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтээ илэрхийлж, төслийг гардуулан өгчээ. Элчин сайд Кэйти Смит Монгол улс далайд гарцгүй орон хэдий ч далайн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг сайшаан, цаашид хоёр орны далайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Сонирхуулахад, Ази, Номхон далайн бүс нутгийн далайн аюулгүй байдлын агентлагуудын удирдлагын зөвлөлд манай улсын Далайн захиргаа 2018 онд гишүүнээр элсжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.