images

Говь-Алтай: 88 багийн малчдын мэдээллийг багтаасан сайт ажиллуулж эхэлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-04


     Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус  аймгийн Инновац, судалгаа, бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус төв нь аймгийн ИТХ-ын тогтоолоор хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд инновацыг хэрэглээнд нэвтрүүлэн эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Одоогоор сум бүрд онцлог нэг брэнд бүтээгдэхүүн гаргахыг зорьж ажиллахын хажуугаар Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаалах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Тодруулбал, чонон хармаг, Ажийн бор ааруулыг брэнд болгон сав баглаа боодлыг шинэчлэн гаргаж, “Шимт богц” брэндийг бий болгож хэрэглэгчдийн гарт хүргээд байна. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор малчин айл жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд тус аймгийн 88 багийн малчдын мэдээллийг багтаасан сайт ажиллуулж эхэлжээ. Мөн соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд “Мазаалай, Моголдой хоёр” цуврал  анимэйшн хийж, уг контентдоо орон нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтдын дүр, дүрслэлийг оруулсан байна.

    ШУА-ийн ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд тус хамт олныг богино хугацаанд олон сайхан ажил хийсэн байна хэмээн сайшааж, цаашдаа ШУА-тай холбоотой ажиллахыг урьжээ. Ялангуяа байгалийн ховор жимс болох чонон хармагийг тарималжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.