Галерей: Галд өртсөн 600 гаруй уран зургийг сэргээн засварлажээ
Чихэнд чимэгтэй
2023-03-27
Германы Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах лабораторийг Монголын Уран зургийн галерейн дэргэд байгуулж өнгөрөгч оны 10 дугаар сард нээлтээ хийсэн билээ. Тус лабораторийг олон улсад мэргэшсэн мэргэжилтнүүдийн зөвлөмж, стандартын дагуу орчин үеийн технологиор иж бүрэн тохижуулсан. Түүнчлэн ХБНГУ-ын мэргэжилтэн олон улсын хөтөлбөрөөр гурван шатлалт сургалтыг зохион байгуулж Европын арга барил, техникийг Монголын сэргээн засварлагчдад заан сургасан юм.
Энэхүү лабораторийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлын хүрээнд энэ сарын 24-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр” боллоо. Тус өдөрлөгөөр хамтрагч байгууллагын төлөөллүүд болон үзэгчид ирж Монголын анхны уран зураг сэргээн засварлах лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, галд гэмтсэн урлагийн бүтээлийн сэргээн засварлалтын үйл явцтай танилцсан байна. Манай улс 2022 онд уран зураг сэргээн засварлах лабораторитой болсноор, галд өртсөн 900 орчим уран зургийн 600 гаруйг нь сэргээн засварлажээ. Тус бүтээлүүд нь галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байсан бөгөөд үүний дотор Ардын зураач Б.Чогсомын “Тайхар чулуу”, Ардын зураач Л.Гаваагийн “Кино механикч” зургийг тус тус сэргээн засварласан байна. Одоо Ардын зураач Д.Амгалангийн 1979 онд зурсан “Говийн эгшиг” зэрэг бүтээлүүдийг сэргээн засварлаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.