Анагаахын оюутнуудын дунд сайн дурын цалинтай хөтөлбөр хэрэгжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-21
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Хүүхдийн сэргээн засах төвийн дарга Б.Одгэрэл нар өчигдөр АШУҮИС, "Этүгэн", "Глобал удирдагч", "Оточ Манрамба", "Монос", "Шинэ анагаах ухаан" тэргүүтэй их, дээд сургуулийн оюутнуудтай уулзжээ. Тус уулзалт нь оюутан залуусын нийгмийн оролцоог дэмжих, сурч хөгжих боломжийг бүрдүүлэх санал санаачлагыг сонсох зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал арга хэмжээний хүрээнд болж өнгөрчээ. Мөн уулзалтаар Эрүүл мэндийн газрын дарга нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах гурвал платформын концепцийг хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулж, ажил олгогч, сайн дурын ажилтан, иргэн гэсэн гурван талыг нэгтгэсэн тус платформд бүртгүүлээд оюутнууд сайн дурын үйл ажиллагаа, сургалтад оролцох боломжтой болсныг дуулгажээ. Ингэснээр анагаахын оюутнуудын сайн дурын ажлын ирц, идэвх оролцооныхоо талаарх мэдээллийг ажил олгогчдод хүргэх боломж бүрдэх гэнэ. Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газраар дамжуулан хэрэгжүүлэх “Med Volunteer” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнууд өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч ажиллах, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, гэрийн эргэлт хяналт хийх, хөгжлийн бэрхшээлтэй, чадвар алдалттай хүүхдүүдийн талаар судалгаа хийх, тэдэнд асаргаа сувилгааны дэмжлэг үзүүлэх юм. Мөн нийслэлийн зүгээс энэхүү хөтөлбөрийн оролцогчдод цалин урамшуулал олгож, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.