Эрүүл мэндийн яам 2023 оныг эрүүл жинд хүрэх аяны жил болгож зарлалаа
Чихэнд чимэгтэй
2023-03-20
ЭМЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тус аяныг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний дата судалгаанд үндэслэн хийж байгаа бөгөөд энэ хүрээнд зөв хооллолт, өглөөний цайны ач тус, биеийн жингийн индекс болон илчлэг тооцох аргууд, эрүүл бус хүнсний хэрэглээ, хоол хүнсний аюулгүй байдал гэх мэт сургалтуудыг энэ оны турш системтэйгээр орж эхлэх аж. Тус хэвлэлийн хурлын үеэр хүн амын илүүдэл жин, таргалалтын талаарх зарим тоон мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулжээ. Тэрбээр "Улсын хэмжээнд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд 10 сарын хугацаанд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 мянга гаруй иргэн хамрагдсан байна. Эрт илрүүлгээр эхний дата, судалгаанууд хийгдэж, урьдчилсан үр дүнгээр насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөл их гарсан. Тухайлбал, 17 нас хүртэлх хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчлөл илэрсэн. Үүний дараа хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд хүүхдүүдэд зонхилж байна” гэжээ. Монгол улсын 15-69 насныхны 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг. Түүнчлэн 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгааны дүн гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.