Монгол эмэгтэй генерал АНУ-ын ТНБД-ын нэрэмжит шагнал хүртэнэ
Чихэнд чимэгтэй
2023-03-07
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн "Эр зориг"-ийн шагнал буюу "International Women of Courage Award" шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн нэгээр Монгол улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор шалгарчээ. Мөн түүнтэй зэрэгцэн арав гаруй жилийн турш Украины ард түмний төлөө тэмцэгч Польшийн сэтгүүлч Бианка Залевска, Украины тэмцэгч Юлия Паиевска, Малайзын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сенатч Датук Рас Адиба Радзи, 25 жил хүний эрхийн төлөө тэмцсэн Казахстаны иргэний нийгмийн зүтгэлтэн Бахытжан Торегожина, Йорданы тэргүүлэх хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн (JCLA) үүсгэн байгуулагч Абдель Азиз, Афганистаны анагаах ухааны доктор Закира Хекмат зэрэг 11 эмэгтэй шагнал авах юм. Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжит уг шагнал нь 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэх үйлсэд онцгой эр зориг, хүч чадал, манлайллыг эмэгтэйчүүдэд олгодог юм. Уг шагнал гардуулах ёслолын арга хэмжээний дараа шагнал хүртсэн хүмүүс АНУ-ын хотууд дахь Америкийн түншүүдтэй холбогдох, дэлхийн удирдагч эмэгтэйчүүдийн сүлжээгээ бэхжүүлэх зорилгоор Олон улсын зочдын манлайллын хөтөлбөр (IVLP)-д биечлэн оролцоно. Одоогийн байдлаар уг шагналыг дэлхийн 80 гаруй орны 180 гаруй эмэгтэй хүртээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.