“Холбооны анхны байшин”-г төрийн өмчид эргүүлэн авлаа
Чихэнд чимэгтэй
2023-01-11
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний баруун талд байрлах ногоон барилгыг түүх соёлын дурсгалт өв хэмээн төрийн өмчид эргүүлэн авлаа. Тус барилга 1913 онд баригдаж, 1914 онд Монгол улсын анхны ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн анхны телефон станцыг байгуулж байжээ. Мөн Холбооны анхны барилга хэмээн нэрлэж байсан бөгөөд 1921 оноос 1998 он хүртэл музей байрлан ажиллаж байсан түүхтэй. Гэвч 2000 оны эхнээс өдийг хүртэл тус байшинд хувийн компани үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Тодруулбал, 2004 онд уг барилгын өмчлөх эрх хууль бусаар “Ванхүү” компанид шилжсэн байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар судалж тогтоон, улсын бүртгэлийг хүчингүй болгож улмаар анхны гадаад төрх байдлыг сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагын дагуу 2020 оны 2 дугаар сарын 11-нд төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, тус оны 12 дугаар сарын 6-нд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаснаар “Холбооны анхны байшин”-г Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүлээлгэн өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.