Дэгү: 92 настай Монголын тамирчин Ц.Раднаа дахин дэлхийн аварга боллоо
Өмнөд Солонгосын Дэгү хотноо болж буй Мастеруудын ДАШТ-ий гүйлтийн 100 метрийн төрөлд Монголын тамирчин Ц.Раднаа түрүүллээ. Энэ төрлийн 90-95 насныхны ангилалд оролцсон тэрбээр 18.29 секундийн амжилт үзүүлсэн бол дэд байрт орсон Алжирын тамирчин Бенгуэлла 18.99, гуравдугаар байр эзэлсэн Японы тамирчин Мотошигэ 19.77 секундэд замаа туулжээ. Харин удаах байруудад Хятад, Итали, Австрали, АНУ, Их Британийн тамирчид орсон бөгөөд сүүлчийн буюу наймдугаар байрт орсон тамирчин 25.43 секундийн амжилт үзүүлсэн байна. Өнгөрсөн онд АНУ-ын Гэйнзвиль хотод болсон Мастеруудын ДАШТ-д алтан медаль хүртэж 200 метрийн зайд дэлхийн дээд амжилт тогтоосон, өдгөө 92 настай Ц.Раднаа энэ тэмцээний 200, 400, 800, 1500 метрийн төрөлд мөн өрсөлдөнө.
35-аас дээш насныхан оролцдог энэ тэмцээнд Олимп, дэлхийн аваргууд олноор оролцдог уламжлалын дагуу Өмнөд Солонгос, АНУ, Латви, Ямайка, Бенин зэрэг улсын өндөр зэрэглэлийн тамирчид оролцож байна. Монгол улсын Гавъяат тамирчин Б.Сэр-Од энэ ДАШТ-ий гүйлтийн 5000 метрийн төрөл болон хагас марафонд (21 км) уралдана. Дэлхийн 106 орны 12 мянган тамирчин оролцож буй энэ тэмцээн Дэгү хотод өнгөрөгч баасан гарагт эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэх юм
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


