Зэрлэг амьтан хамгаалагч монгол эмэгтэй "National Geographic"-ийн хөтөлбөрт шалгарав
Чихэнд чимэгтэй
2025-05-23
Олон улсын “National Geographic Society" (NGS) байгууллагаас 2025 оны Залуу судлаачдын хөтөлбөрт шилдгээр шалгарсан 15 оролцогчийг танилцууллаа. Дэлхий даяар байгаль болон соёлын өвийг хадгалан хамгаалах, нийгэм, боловсролын салбарын шинэчлэлтэд түүчээлж яваа 18–25 насныхны дунд явуулсан энэ сонгон шалгаруултад манай улсаас экологич Ч.Баярмаа тэнцжээ. Тэрбээр Монгол Улсын Их Сургуульд экологи, байгаль хамгааллын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Монголын Зэрлэг амьтан хамгаалах судлах төвд ажиллаж буй. Тэрбээр хөдөөгийн малчидтай хамтарч, цоохор ирвэс, хулан, тахь зэрэг ховор амьтдыг хамгаалах ажилд гар бие оролцож яваа билээ. Энэ жилийн "Залуу судлаач" хөтөлбөрт Саудын Арабын залуучуудад зориулсан сансрын судалгааны анхны хөтөлбөрийг үндэслэсэн Лана Алаббаси, Карибын тэнгисийн шүрэн арлыг сэргээх судалгаа хийж буй АНУ-ын иргэн Мускаан Хемани, Малайзын Уур амьсгалын өөрчлөлтийн хөдөлгөөний идэвхтэн Макс Хан Кай Динг зэрэг чадварлаг залуус багтжээ. Тэд мөнгөн тэтгэлэг хүртэж, олон талын арга хэмжээнд цахимаар болон биечлэн оролцохоос гадна өөрсдийн ажлыг танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр хээрийн сургалтад хамрагдана. Судлаач Ч.Баярмаа нь 2023 онд хийсэн бөхөнгийн идэш тэжээлийн судалгаагаараа олон улсаас тэтгэлэг хүртэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.