Марафонч Б.Сэр-Од 44 насандаа 12 дахь ДАШТ-дээ орно
Чихэнд чимэгтэй
2025-05-15
Гавьяат тамирчин Б.Сэр-Од хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 дахь удаагаа оролцох гэж байгааг "Таван цагариг" сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Энэ жил 44 настай Б.Сэр-Од 2003 оноос хойш 11 удаа ДАШТ-д оролцсоноороо Монголын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Тэгвэл Японы Токио хотноо ирэх есдүгээр сарын 13-21-ний хооронд товлогдсон 20 дахь удаагийн ДАШТ-д манай тамирчин уралдан чансаагаа ахиулахыг зорьж байна. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн шилдэг эрэгтэй марафончдын нэрсийг жагсаахад Б.Сэр-Од 66 дугаарт бичигдсэн байна. Энэ төрөлд дэлхийн чансаагаар нийт 100 тамирчин оролцох бөгөөд монгол тамирчдаас ДАШТ-д оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан нь мөн Б.Сэр-Од болов. Тэрбээр өнгөрсөн сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 2:15:13 цагийн амжилтаар шагналт зургаадугаар байранд шалгарсан юм.
Хөнгөн атлетикийн ДАШТ-д 11 удаа оролцсон тамирчин дэлхийд хоёрхон байдгийн нэг нь Португал улсын тамирчин Сюзана Фэйтор билээ. Тэрбээр 2023 оны ДАШТ-д оролцсоноороо монгол тамирчинтай үзүүлэлтээрээ эн зэрэгцэж ирсэн юм. Мөн Б.Сэр-Од нь зургаан Олимпод оролцсон дэлхийн анхны марафонч билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.