images

Австри, Финланд, Франц, Германы уран бүтээлчид Дундговийн суманд урлагийн бүтээл туурвина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-12


   Дундговь аймгийн Сайнцагаан суманд ирэх сарын 11-нээс 29-ний хооронд "Нүүдэлчин ухаан-2025" олон улсын урлагийн хөтөлбөрийг зохион байгуулах гэж байна. Урлагаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой бөгөөд тус хөтөлбөрт оролцох дөрвөн монгол уран бүтээлчийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Өнгөрсөн жил Дундговь аймгийн Дэрэн суманд уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь санаачлагчдад төслийг дахин хэрэгжүүлэх сэдлийг өгчээ. Тэгвэл энэ удаа Монгол, Австри, Финланд, Франц, Германы уран бүтээлчид орон нутгийн иргэдтэй хамтран гудамжны урлаг болон медиа бүтээл туурвиж, урлагийн арга хэмжээ зохион байгуулж, сургуулийн хүүхдүүдэд урлагийн хичээл заах юм. Урлагийн бүтээл туурвихдаа хаягдал болон байгалийн гаралтай материал, унанги мод зэргийг ашиглах бөгөөд зарим шаардлагатай материалыг төслийн зүгээс гаргах ажээ. Урлагийн хөтөлбөр эхлэхээс өмнө сонгогдсон уран бүтээлчид сумын алслагдсан газруудаар явж, нүүдэлчдийн амьдралтай танилцана. Европын холбооны соёлын институт (EUNIC)-ийн нэгдлээс санхүүжүүлж буй энэ хөтөлбөрийг Улаанбаатар дахь Францын соёлын төв, Монгол дахь "Гёте" институт, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам болон Финландын Элчин сайдын яам болон Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрөөс уран бүтээлчдэд ажиллах үеийн байр, хоол, унаа, үйл ажиллагааны зардлыг гаргаж, 1000 еврогийн цалин олгоно. Улаанбаатар хотоос 200 км зайд орших Цагаандэлгэр сум 1000 гаруй хүн амтай ба тэдгээрийн 400 орчим нь сумын төв дээр амьдардаг ажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.