"Хунт нуур" балетыг Монголд анх 50 жилийн өмнө тоглож байжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-05
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт бүтээлүүдийн нэг “Хунт нуур” балетыг Буриадын театрын 60 уран бүтээлчтэй хамтран ирэх сарын 27-28-ны өдрүүдэд тоглох гэж байна. Энэ нь тус бүтээлийг Монголд анх тавьж эхэлсний 50 жилийн ойд зориулсан тоглолт бөгөөд уран бүтээлчид 32 хунтайгаар тоглохоор бэлтгэл ажилдаа орж, өнөө өглөөнөөс эхлэн тасалбарыг худалдаанд гаргажээ. Энэ удаагийн тасалбарын үнэ суудлын байрлалаас шалтгаалан 40-120 мянган төгрөг байна. Монголчууд анх энэ бүтээлийг 1975 оны зургаадугаар сарын 28-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт тавьж байжээ. Уг бүтээлийг удирдаач Ж.Чулуун, балетмейстер Б.Жамъяндагва дэглэж, тайзны зургийг Ч.Гунгаасүх зурж байв. Бүтээлийн гол дүрүүд болох Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид ханхүүд Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбартад Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин О.Ганбаатар нар тогложээ. “Хунт нуур” балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 4-нд Москвагийн Их театрт тавьснаас хойш өдгөө дэлхийн олон оронд өөр өөр хувилбараар тоглож байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.